Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хяналт дор явуулсан хамгийн сүүлийн үеийн пуужингийн туршилтын үеэр тус улс кластер бөмбөг туршсан талаар тус улсын төрийн хэвлэл даваа гарагт мэдээлэв.
Хойд Солонгосын Төв мэдээний агентлаг (KCNA)-ийн мэдээлснээр, тус улс “Hwasong-11 Ra” тактикийн баллистик пуужин туршжээ.
Энэ нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Хойд Солонгосын Дорнод тэнгис рүү харвасан богино зайн хэд хэдэн пуужинг илрүүлснээс нэг өдрийн дараа болсон байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс мэдээлснээр, эдгээр пуужинг Хойд Солонгосын Синпхо бүсээс ням гаргийн өглөө 06:10 цагийн орчимд харважээ.
KCNA-гийн мэдээлснээр, уг туршилтын гол зорилго нь зэвсгийн системд суурилуулсан “кластер бөмбөгт байлдааны толгой” болон “хэсэглэгч мина бүхий байлдааны толгой”-н хүч, үр нөлөөг үнэлэх байжээ.
Мэдээлэлд дурдсанаар, нийт таван пуужин ойролцоогоор 136 км-ийн зайд орших 13 га талбай бүхий зорилтот бүсэд “маш өндөр нягтралтайгаар” туссанаар байлдааны чадавхийг бүрэн харуулсан байна.
Туршилтын үеэр авсан гэрэл зургууд дээр Ким Жон Уны охин Ким Жу Э (түүнийг ирээдүйн залгамжлагч байж магадгүй гэж үздэг) эцгийнхээ хамт байгаа нь харагдсан аж.
Кластер бөмбөгний тухай
Кластер бөмбөг нь нэг дор олон арван, заримдаа хэдэн зуун жижиг сум тарааж, өргөн талбайд олон байг зэрэг онилох боломжтой зэвсэг аж.
Энэ төрлийн зэвсгийг Иран улс Ойрхи Дорнодын мөргөлдөөний үеэр ашигласан бөгөөд Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системд томоохон сорилт болсон гэж үздэг.
Кластер бөмбөг ашиглах, үйлдвэрлэх, шилжүүлэхийг Кластерийн бөмбөгний конвенц хориглодог. Учир нь, энэ төрлийн зэвсэг нь энгийн иргэдэд дайралтын үед болон дараа нь өндөр эрсдэл үүсгэдэг ажээ.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй улс энэхүү конвенцид нэгдсэн ч АНУ, Хятад, Орос, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Иран, Израиль зэрэг хэд хэдэн томоохон улс оролцоогүй байна.

Ким Жон Уны мэдэгдэл ба цэргийн зорилго
KCNA-гийн мэдээлснээр, Ким Жон Ун туршилтад “ихээхэн сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлж, энэхүү зэвсэг нь тодорхой зорилтот бүсийг өндөр нягтралтайгаар цохих, мөн нарийвчлалтай довтлох чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.
Мөн тэрбээр “Янз бүрийн кластер байлдааны толгой хөгжүүлснээр Хойд Солонгосын армийн ажиллагааны шаардлагыг илүү үр дүнтэй хангана” гэж онцолсон байна.
Туршилтад Хойд Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнууд болох Ким Жон Сик, Жан Чан Ха болон фронтын ангиудын командлагчид оролцжээ.
Цэргийн нөхцөл байдал ба бүс нутгийн нөлөө
Өмнөд Солонгосын мэдээлснээр, уг пуужингийн 136 км-ийн тусгал нь өмнөд зүгт харвасан тохиолдолд Сөүл хот, мөн АНУ-ын Пёнтэк дэх цэргийн бааз, Осаны агаарын баазыг хамрах боломжтой байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ төрлийн пуужин нь Хойд Солонгосын богино зайн пуужин болон олон цэнэгт пуужингийн хоорондох “завсрын цоорхой”-г нөхөж, Сөүлийн бүсийг онилох чадавхийг нэмэгдүүлж байна.
Бүс нутгийн хариу үйлдэл
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын алба энэ туршилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл гэж буруушааж, пуужингийн туршилтаа зогсоохыг Хойд Солонгост уриалжээ.
Мөн шинжээчид уг туршилт нь Хойд Солонгосын эрх баригч намын сүүлийн их хурлаар баталсан батлан хамгаалах хөгжлийн төлөвлөгөөний нэг хэсэг байж болзошгүй гэж үзэж байна.

(2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Хойд Солонгост хийсэн туршилтын харвааны үеэр кластерийн бөмбөгт байлдааны толгой суурилуулсан Hwasong-11 Ra тактикийн баллистик пуужин зорилтот байг онож буйг харуулсан уг зургийг маргааш нь Солонгосын Төв Мэдээний Агентлаг нийтэлжээ)
Эх сурвалж: YONHAP












































































