“The Sunday Times” сонинд мэдээлснээр, Ирландын засгийн газар Украин дүрвэгсдийг байрлуулахтай холбоотой гэрээнүүдийг цуцлахаар төлөвлөж буй аж. Энэ нь Украины дүрвэгсдийн тусламжийн бодлогод томоохон өөрчлөлт авчирч болзошгүй гэж үзжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Ирландын албан тушаалтнууд украинчуудад үзүүлэх түр хамгаалалтын бодлогыг цуцлах, эсвэл тусламжийг хязгаарлах өөр хувилбаруудын талаар хэлэлцэж эхэлсэн байна.
Ирландын цагаачлалын асуудал хариуцсан сайд Колм Брофи хэлэхдээ, засгийн газар одоогийн байдлаар ойролцоогоор 16 мянган украин дүрвэгчийг байршуулсан байр, үйлчилгээний гэрээнүүдийг цуцлах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгджээ.
Тэрбээр “Тэд явах хэрэгтэй болно. Учир нь, бид гэрээнүүдийг цуцалж байна. Бидэнд тодорхой хугацааны төлөвлөгөө бий. Би үүнийг дараагийн 12 сарын дотор дуусгахыг хүсэж байна. Засгийн газар энэ шийдвэрийг эцэслэн батална” гэж хэлсэн байна.
НҮБ-аас мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сараас хойш ойролцоогоор 6.8 сая украин иргэн эх орноосоо дүрвэж, зарим бүс нутаг хүнгүй шахам болж, залуучууд ихэвчлэн гадагш гарсан бол өндөр настнууд голдуу үлдсэн байна гэжээ.
Мөн 2024 оны наймдугаар сард Владимир Зеленский Украин улсын иргэд их хэмжээгээр гадагшилж буйг хүлээн зөвшөөрч, гадаадад байгаа иргэдтэй ажиллах шинэ яам байгуулахаа мэдэгдэж байв.
Эх сурвалж: RIA NOVOSTI












































































