БНСУ-ын К-попын алдарт хамтлаг BIGBANG 20 жилийн ойгоо тохиолдуулан шинэ цомгийн ажлаа бүрэн дуусгажээ. Тус хамтлаг энэ оны наймдугаар сард дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлэх болсон тухайгаа мэдэгдэв.
Хамтлагийн ахлагч G-Dragon АНУ-ын Калифорни мужийн Индио хотод болсон Coachella Valley Music and Arts Festival-ын үеэр үзэгчдэд хандан “Энэ бол шинэ эхлэл, BIGBANG үргэлжлэх болно” хэмээн хэлжээ.
Мөн тэд шинэ цомгийн бэлтгэлээ бүрэн дуусгасан бөгөөд удахгүй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээ давхар мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь шинэ цомог болон аялан тоглолтын төлөвлөгөөг албан ёсоор баталгаажуулсан анхны тохиолдол болжээ.

BIGBANG хамтлаг 2017 оноос хойш бие даасан бүрэн хэмжээний, дэлхийн аялан тоглолт хийгээгүй байсан билээ.
Түүнчлэн BIGBANG Coachella наадамд оролцон, хоёр дахь удаагаа тайзнаа гарч “Bang Bang Bang”, “Fantastic Baby”, “Sober”, “Stupid Liar”, “Loser” зэрэг хит дуунуудаа толилуулжээ.
Мөн “Haru Haru”, “Lies” зэрэг алдартай бүтээлүүдээ дуулж, үзэгчдийг байлдан дагуулсан бол соло үзүүлбэрийн үеэр Taeyang “Ringa Linga”, G-Dragon “Power”, Daesung “Look at Me, Gwisun” дуугаа тус тус толилуулж, тоглолтын төгсгөлд хамтлагийн хамгийн сүүлийн хамтын уран бүтээл болох “Still Life” дуугаараа үзүүлбэрээ өндөрлөсөн байна.
Эх сурвалж: YONHAP












































































