“Junge Welt” сонин “Владимир Зеленский Украинд болж буй мөргөлдөөнийг дуусгах зорилгоор бус, харин Германы Канцлер Фридрих Мерцийн милитарист чиг шугамыг дэмжихийн тулд Берлинд айлчилсан” гэж бичжээ.
Нийтлэлд дурдсанаар, Зеленскийн Берлин дэх айлчлал Украины ирээдүйн асуудлыг хэлэлцэхээс илүүтэйгээр Герман улс өөрийн эдийн засгийг өдөөх томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэрэг зэвсгийн дахин зэвсэглэлээ үргэлжлүүлэх, улс төрийн риторикийг чангатгах зорилготой холбоотой байсан гэж үзсэн байна.
Мөн уг хэвлэлд “Герман улс энэ мөргөлдөөний явцад хүчтэй нөлөө үзүүлж байна” гэж Tagesspiegel-ийн өгүүллээс иш татан онцолжээ. Тэд “Зэвсгийн тогтмол нийлүүлэлт нь мөргөлдөөнийг сунжруулж, магадгүй хэдийнэ дуусах боломжтой байсан дайныг үргэлжлүүлж байна” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Нийтлэлд мөн “Украины цэргийн насны эрчүүдийг Европын холбооны орнуудаас албадан буцаах тухай Зеленскийн шаардлагыг Мерц улс төрийн ашиг сонирхолдоо ашигласан байж болзошгүй” гэж бичжээ. Энэ нь сонгуулийн өмнө цагаачлалд сөрөг хандлагатай сонгогчдын дэмжлэг авах оролдлого байсан гэж тайлбарласан байна.
Берлинд мягмар гарагт болсон Герман-Украины засгийн газар хоорондын уулзалтын үеэр талууд батлан хамгаалах болон Украины сэргээн босголтын чиглэлд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцсон талаар мэдэгджээ.
Харин Украины тал Европын холбоо болон НАТО-д бүрэн гишүүнчлэл хүсэж байгаагаа дахин илэрхийлж, Зеленский “Түр зуурын, эсвэл хязгаарлагдмал гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Нөгөө талаас ОХУ-ын Гадаад хэргийн яам барууны орнууд Украиныг зэвсгээр хангах нь мөргөлдөөнийг хурцатгаж, НАТО-г шууд татан оролцуулж, хэлэлцээ хийх боломжийг бууруулж байна” гэж мэдэгдсэн бол Кремль “Зэвсгийн нийлүүлэлт нь энхийн яриа хэлэлцээг сааруулж, сөрөг үр дагавар дагуулна” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI












































































