Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) дөрөвдүгээр сарын 20-ны даваа гарагт “Дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө тусгай хүчнийхэн ОХУ-ын Хар тэнгисийн флотын “Ямал” болон “Николай Фильченков” нэртэй том десантын хоёр хөлөг онгоцонд цохилт өгсөн” гэж мэдэгдэв.
Эдгээр хөлөг онгоцууд нь ОХУ-ын эзлэн түрэмгийлсэн Крымийн Севастополь боомтын буланд байрлаж байсан аж. Тус байгууллага довтолгооны бичлэгийг камиказе дроноор хийсэн гэж үзэж буй дүрс бичлэгийг нийтэлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, 1988 онд үйлдвэрлэгдсэн “Ямал” хөлөг онгоц 80 сая ам.долларын үнэтэй бөгөөд 112 метр урт, 500 тонн хүртэл ачаа болон хуягт техникийг тээвэрлэх боломжтой аж.
Мөн “Град-М” пуужингийн олон хөөргөгч систем, “Стрела-2” зенитийн пуужингийн цогцолбор, минутад 1000 сум буудах хүчин чадалтай 57 мм-ийн АК-725 их буугаар тоноглогджээ.
Харин 1975 онд үйлдвэрлэгдсэн “Николай Фильченков” хөлөг онгоц 1000 тонн даацтай, 70 сая ам.долларын үнэтэй талаар мэдээлжээ. Энэ хөлөг нь цэргийн техник, ачаа тээвэрлэх зориулалттай том десантын онгоц аж.
Мөн уг ажиллагааны хүрээнд 5 сая ам.долларын үнэтэй, “Подлет-К1” нэртэй радарын станцыг устгасан гэж тус улсын ТЕГ онцолсон бөгөөд дээрх хөлөг онгоцуудыг Орос улс Украины эсрэг дайнд ашиглаж байсан гэж мэдэгджээ.
Хар тэнгисийн флотод өгсөн цохилтууд
Украины Аюулгүй байдлын алба мөн дөрөвдүгээр сарын 18-нд “Ямал” хөлөг онгоцонд цохилт өгсөн гэж мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр, тухайн довтолгооны үеэр “Азов” десантын хөлөг, “Грачонок” нэртэй диверсийн эсрэг катер, мөн “Дельфин” холбооны системийн антеннуудад гэмтэл учирчээ.
ОХУ-аас томилогдсон Севастополийн “захирагч”-ийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 18-ны шөнө Казачья буланд орших нефтийн бааз дроны цохилтод өртөн гал гарсан байна. Мөн тухайн өдрийн орой хотод агаарын түгшүүр зарласан ч албан ёсны хохирлын мэдээлэл нийтлээгүй байна.
Оросын флотыг чиглэсэн цуврал цохилтууд
Украины ТЕГ дөрөвдүгээр сарын 6-ны шөнө Новороссийск дахь “Адмирал Макаров” фрегат (байлдааны дунд оврын хөлөг онгоц)-нд цохилт өгсөн гэж мэдэгджээ. Энэхүү мэдээллийг Оросын дайн дэмжигч Telegram сувгууд ч баталсан байна.
Энэ хөлөг нь “Калибр” далавчит пуужингаар зэвсэглэсэн, Украины эсрэг цохилт өгөх чадвартай Оросын Тэнгисийн цэргийн флотын гурван фрегатын нэг аж.
Мөн гуравдугаар сарын 2-ны шөнө “Адмирал Эссен” фрегат Новороссийск хотод болсон довтолгооны үеэр гэмтсэн гэж мэдээлжээ.
Түүнчлэн 2022 оны тавдугаар сард ТАСС агентлагийн эх сурвалж “Адмирал Макаров” Украин хүчнийхэн живүүлсэн “Москва” том оврын байлдааны хөлөг онгоцны дараа Хар тэнгисийн флотын шинэ тэргүүлэх хөлөг болох магадлалтай гэж мэдээлж байсан аж.
Эх сурвалж: DW











































































