Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 964 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж буй юм байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогийн байдлаар 933 хэрэг шалгагдаж байгаа ажээ.
Өөртөө буцалтгүй тусламж олгох тушаал гаргаж, эдийн засгийн давуу байдал бий болгосон, ажиллаагүй хүнд цалин олгож, хувийн хэрэгцээнд зарцуулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан, хуурамч тогтоол үйлдэж, бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Удирдах албан тушаалтан “Б” нь үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд прокурорын тогтоолоор хязгаарлалт тогтоосон байхад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, хязгаарлуулах эрхийг сэргээх тухай албан бичиг гаргаснаар иргэн Н-д 449,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.











































































