“Тиса” намын удирдагч, удахгүй Унгарын Ерөнхий сайд болох гэж буй Петер Мадьяр өмнөх засгийн газрын үед томилогдсон төрийн бараг бүх байгууллагын удирдлагуудад 2026 оны тавдугаар сарын 31-ний дотор сайн дураараа огцрохыг уриалжээ.
Тэрбээр Будапешт хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр эдгээр албан тушаалтнуудыг огцорч буй Ерөнхий сайд Виктор Орбаны томилсон хүмүүс хэмээн тодорхойлж, тэднийг албан тушаалдаа үлдэх ёс суртахууны эрхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мадьярын хэлснээр, эдгээр хүмүүс тавдугаар сарын 31-нийг хүртэл огцрох өргөдлөө сайн дураараа өгөх боломжтой аж.
Тэр “Бид өөрт олгогдсон эрх мэдэл болон хууль эрх зүйн бүх боломжийг ашиглан, тэднийг албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авна” гэж мэдэгджээ.
Арванхоёрдугаар сарын 12-нд болсон сонгуулийн үр дүнгээр “Тиса” нам Унгарын парламентын 199 суудлаас 141 суудал авч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бүхий олонхийг бүрдүүлсэн байна.
Сонгуулийн ялалтын дараах орой Мадьяр мөн Унгарын Ерөнхийлөгч Тамаш Шуйок, Дээд болон Үндсэн хуулийн шүүхийн дарга нар, Ерөнхий прокурор, Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллагын дарга, Хяналт-шинжилгээний байгууллагын тэргүүн болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудад огцрохыг уриалжээ.
Тэрбээр шинэ парламентын анхны хуралдааны үеэр буюу тавдугаар сарын эхээр Ерөнхий сайдаар сонгогдох төлөвтэй байгаа бөгөөд хуралдааны товыг одоогийн Ерөнхийлөгч тогтоох аж. Гэвч Мадьяр одоогийн Ерөнхийлөгчийг ч мөн албан тушаалаас нь огцруулах шаардлагатай гэж үзжээ.
Өнгөрсөн 16 жилийн турш Ерөнхий сайдын албыг хашсан Виктор Орбан энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр сөрөг хүчний эгнээнд шилжихээр болсон билээ.
Эх сурвалж: TASS












































































