Дэлхий даяар “харгислал” газар авч, 2025 он энэ хандлагыг улам гүнзгийрүүлсэн жил болсныг Amnesty International жил тутмын тайландаа онцолжээ. Тус тайланг дөрөвдүгээр сарын 21-нд нийтэлсэн байна.
Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Аньес Калламар дэлхий даяарх хүний эрхийн доройтол нь “ердийн нэг хүнд үе” биш, харин сүүлийн 80 жилд бий болгосон ололт амжилтыг үгүй хийх аюултай эргэлтийн цэг хэмээн анхааруулжээ. Тэрбээр 2025 оныг “махчин амьтад ба танхайчуудын жил” гэж тодорхойлсон байна.
Түүний хэлснээр, өнөөгийн “шинэ төрлийн дэг журам” нь өөр үзэл бодлыг дарах, эсэргүүцлийг хүчээр нухчин дарах, хүнийг хүн биш мэт харьцах хэллэгийг түгээх, үзэн ядалтад суурилсан гэмт хэргийг өөгшүүлэх зэрэг шинжээр илэрч байгаа аж.
Тэр “Энэ дэг журам нь нийтлэг хүн чанарыг хүндэтгэхэд бус, харин эдийн засгийн давамгайлал, технологийн ноёрхолд тулгуурлаж байна. Өнөөдөр дипломат харилцаа биш, дайн дэлхийг удирдаж байна” хэмээн тэр онцолжээ.
Орос: Хүний эрхийн доройтлын “тэргүүлэгч”
Тайланд дурдсанаар, Европ болон Ази тив хүний эрхийн доройтлын “тэргүүн шугам”-д орж буй бөгөөд энэ чиг хандлагыг Орос улс тэргүүлж байгаа аж.
ОХУ-д үг хэлэх эрх чөлөө, тайван жагсаал хийх эрх, шашин шүтэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх боломж хязгаарлагдсаар буй юм байна.
Мөн дур мэдэн баривчлах, зохиомол хэрэг үүсгэх, хараат бус бус шүүх ажиллагаа, эрүүдэн шүүх, хүний эрхийг ноцтой зөрчих тохиолдлууд өргөн тархсан гэж тайланд дурджээ.
Украин дахь дайн – Дотоод дарамтын эх үүсвэр
Орос-Украины дайн нь хүний эрхийн зөрчлийн гол эх үүсвэр хэвээр байгаа аж. Тайланд олзлогдогсдыг зүй бусаар хорих, албадан алга болгох, гаднах харилцааг таслах, эрүүдэн шүүх, шударга бус шүүх ажиллагаа зэрэг ноцтой зөрчлүүдийг дурдсан бөгөөд зарим нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдохоор байна гэжээ.
Мөн дайны эсрэг байр суурь илэрхийлсэн иргэдэд хатуу ял оноож буйг онцолсон байна.
Цензур ба “хяналттай интернэт”
Оросын эрх баригчид интернэт хязгаарлах, сошиал сүлжээ хаах, мессенжерүүдийн үйл ажиллагааг саатуулах замаар мэдээллийн орон зайг хяналтдаа авахыг оролдож байгаа аж.
Түүнчлэн “экстремист контент хайх”, VPN сурталчлах зэрэг үйлдлийг хүртэл зөрчилд тооцох болсон нь иргэний нийгмийг шахах хэрэгсэл болж байгааг Amnesty онцолжээ.
Бүс нутгийн чиг хандлага
Беларусь. Улс төрийн хоригдлуудыг олноор эрүүдэн шүүх, үзэл бодлыг хавчих үргэлжилсээр байна.
Казахстан: “худал мэдээлэл тараасан” гэх заалтыг ашиглан, шүүмжлэгчдийг дуугүй болгох хандлага ажиглагджээ.
Гүрж: Авторитар чиглэл рүү эргэж, эсэргүүцлийг системтэй дарах болсон гэж тайланд дурдсан.
Барууны орнууд ч асуудлаас ангид биш
Герман: Үзэн ядалтад суурилсан гэмт хэрэг өссөн. Жагсаал цуглааныг хүчээр тараах тохиолдол нэмэгджээ.
АНУ: Цагаачлалын хатуу бодлого, жагсагчдыг баривчлах, хүний эрхийн зөрчил шүүмжлэл дагуулж байна. Тус тайланд Дональд Трампын бодлогыг “ялгаварлан гадуурхсан, цагаачдын эсрэг” гэж тодорхойлжээ.
Дэлхий “аюултай эргэлт”-д оржээ
“Amnesty International”-ийн үзэж буйгаар, өнөөгийн нөхцөл байдал нь олон улсын эрх зүйн дэг журам суларч, улс орнууд хариуцлагаас зугтаж, хүч, дайн давамгайлсан шинэ, тогтворгүй дэлхий рүү шилжиж буйг илтгэж байгаа аж.
Тус байгууллага “Дүрэмд суурилсан дэг журмыг хамгаалахгүй бол хүн төрөлхтөн сүүлийн хэдэн арван жилд бий болгосон ололтоо алдах эрсдэлтэй” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: DW












































































