Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нар өчигдөр ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийсэн. Үргэлжлүүлэн талууд Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурав. Үүний дараа Казахстаны ерөнхийлөгч К.Токаев Казахстаны хамгийн дээд төрийн “Алтан бүргэд” одонгоор шагнасан байна.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх үеэрээ “Хоёр орны хамтын ажиллагаа, маш олон санаачилга бидний хамтын ажиллагааны төлөөх нөр их хөдөлмөрийг үнэлэн хамгийн төрийн дээд “Алтан бүргэд” одонгоор бид шагналаа” гэжээ.
Үүний хариуд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг шагнахын зэрэгцээ Монголын ард түмэнд үзүүлж байгаа Казахстаны ард түмний, Ерөнхийлөгч таны гүн хүндэтгэл гэж бид хүлээн авч байна. Энэ бол манай хоёр орны түүхэнд маш тодоор бичигдэн үлдэх ийм сайхан түүхэн үйл явдал болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн байна.











































































