Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Учрал “Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнэ огцом өсөж байна.
Манай улс сарын өмнө 3200 төгрөг байсан түлшийг өнөөдөр 4400 төгрөгөөр авч байна. Ирэх сард 6400 төгрөгт хүрэх эрсдэл үүслээ.
Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авч, гаалийн татварын 5 хувийг тэглэхээс эхлээд салбарын сайд Г.Дамдиннямыг ОХУ, Казахстанд яаралтай хэлэлцээр хийхээр томилж явуулсан.
Сайн үр дүн гарна гэж найдаж байгаа ч хамгийн муу нөхцөл байдалд ч бид бэлэн байх ёстой” гэв.
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа:
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-“Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
“Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлан зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.












































































