Иран улс дөрөвдүгээр сарын 22-нд Исламабад хотод АНУ-тай хийхээр төлөвлөсөн хэлэлцээнд оролцохоос татгалзсанаа Пакистанд мэдэгдсэн талаар Tasnim агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, уг шийдвэр нь эцсийнх бөгөөд өөрчлөгдөхгүй аж. Тегеран одоогийн байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийг олж харахгүй байгаа бөгөөд АНУ-ыг “Хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрэхэд саад болж байна” гэж үзжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой гал зогсоох дэглэмийг сунгаснаа зарлав. Тэрбээр Пакистаны удирдлагуудын хүсэлтийн дагуу Иранд хийх довтолгоог түр зогсоож, талууд нэгдсэн саналд хүрэх боломж олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.
Гал зогсоох дэглэм нь хэлэлцээ эцэслэн дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжлэх аж. Гэхдээ АНУ Ормузын хоолойн бүсэд хяналтаа хадгалж, цэргийн бэлэн байдлаа хэвээр байлгах үүрэг өгснийг онцолсон байна.
Трампын мэдэгдлээс өмнөхөн Иран хэлэлцээний хоёр дахь шатанд оролцохоос бүрмөсөн татгалзсанаа баталсан бөгөөд шийдвэрээ Пакистан дахь зуучлагчаар дамжуулан АНУ-д хүргэжээ.
Ираны талын үзэж буйгаар, хэлэлцээ үр дүнгүй, АНУ хэт өндөр шаардлага тавьж байгаа тул оролцох нь “цагийн гарз” гэж дүгнэсэн байна.
Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнсийн Исламабад хотод хийхээр төлөвлөсөн айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилсон бөгөөд энэ шийдвэрийг Цагаан ордон баталжээ.
АНУ, Ираны анхны шууд хэлэлцээ дөрөвдүгээр сарын 11-нд Пакистаны нийслэлд болсон ч тодорхой үр дүнд хүрээгүй. Үүний дараа АНУ Ормузын хоолойд хязгаарлалт тогтоох алхам хийж, харин Иран уг үйлдлийг “гал зогсоох тохиролцоог зөрчсөн” гэж буруутгасан билээ.
Эх сурвалж: TASS, DW












































































