Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар нийт 103.5 тэрбум төгрөгийг “Чингис хаан банк” ХХК-иас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2020/02419 дүгээр захирамжаар 104.2 тэрбум төгрөгийг “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрүүдийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөхөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 70.0 тэрбум төгрөг барагдаж, одоо 137.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа аж.
Нийт барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө юм байна.
Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хууль журамд нийцүүлэн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нийт 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авчээ.
Улмаар нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг боломжит арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байгаа аж.












































































