УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулсан.
Уг танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцсэн.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нар тус тус танилцуулсан.
Байнгын хорооны санал, дүгнэлтэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан (дэлгэрэнгүй намтрыг эндээс), Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг (дэлгэрэнгүй намтрыг эндээс) нарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнийг дурдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг сонгох, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.9 хувь нь тус тус дэмжлээ.
Эцэст нь “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцсон юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.












































































