Унгарын Гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд, удахгүй албан тушаалаасаа буух гэж буй Петер Сийярто олон жилийн турш ОХУ-тай прагматик харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэндээ харамсдаггүйгээ мэдэгджээ.
Тэрбээр энэ байр суурийнхаа төлөө олон удаа улс төрийн өрсөлдөгчдийнхөө шүүмжлэл, дайралтад өртөж байсан ч түүний үзэж байгаагаар энэ нь Унгарын эрх ашигт бүрэн нийцсэн алхам байсан аж.
Сийярто Telex интернет хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эргээд бодоход миний бүх шийдвэр зөв байсан гэж би үзэж байна” хэмээн хэлжээ.
Петер Сийяртогийн хэлснээр, тэрбээр 11 жилийн турш ОХУ-тай “хэвийн, прагматик харилцаа”-тай байсны үр дүнд Унгар улс өнөөг хүртэл Оросоос нефть, байгалийн хийг урт хугацааны ашигтай гэрээний дагуу авч байгаа аж.
Тэр асуудлыг хэзээ ч үзэл суртал, улс төрийн өнцгөөс бус, харин практик буюу бодит хэрэгцээний үүднээс шийддэггээ онцолсон байна. Тиймээс тэрбээр ОХУ-ын ашиг сонирхолд үйлчилж, Унгарын ашиг сонирхолд харшилсан үйлдэл хийсэн гэх таамгийг няцаажээ.
Мөн Петер Сийярто Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар хийсэн яриануудыг гадаадын тусгай албад чагнаж байсан гэх мэдээлэлд тайлбар хийсэн байна.
Түүний хэлснээр, эдгээр яриа нь дипломат харилцааны ердийн хүрээнээс хэзээ ч хэтрээгүй бөгөөд үндэсний аюулгүй байдалтай холбоотой сэжигтэй зүйл агуулаагүй аж.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Унгарын сөрөг хүчин түүнийг Оростой хэт ойр харилцаатай, бүр төрийн нууц задруулахад бэлэн байсан мэтээр шүүмжилж байжээ.
Дөрөвдүгээр сарын 12-нд Ерөнхий сайд Виктор Орбанаар удирдуулсан эрх баригч “ФИДЕС – Унгарын иргэний холбоо” нам парламентын сонгуульд ялагдал хүлээсэн. Детер Сийярто энэ намын сонгуулийн кампанит ажлын гол дүрүүдийн нэг байсан ч амжилт авчраагүй байна.
Ингэснээр ФИДЕС болон Виъктор Орбан сөрөг хүчний байр сууринд шилжиж, шинэ засгийн газар тавдугаар сарын эхээр байгуулагдах бөгөөд ялалт байгуулсан “Тиса” намын удирдагч, Европын парламентын гишүүн Петер Мадьяр Ерөнхий сайдаар ажиллах болж буй.
Гадаад хэргийн сайдын албыг цаашид Анита Орбан хаших бөгөөд тэрбээр 2010-2015 онд тус яаманд онцгой элч төлөөлөгчөөр ажиллаж, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хариуцаж байжээ. Тэр сүүлийн жилүүдэд олон улсын томоохон бизнесийн байгууллагуудад ажилласан туршлагатай аж.
Эх сурвалж: TASS











































































