БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас 2026 оны эхний улирлын байдлаар тус улсад оршин сууж буй монгол иргэдийн статистик мэдээллийг шинэчлэн гаргажээ.
2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар, БНСУ-д нийт 60,067 монгол иргэн оршин сууж байгаа аж. Хүйсийн харьцаагаар авч үзвэл, 33,035 нь эмэгтэй, 27,032 нь эрэгтэй бөгөөд эдгээр иргэд зөвшөөрлийн дагуу суралцах, хөдөлмөр эрхлэх болон бусад зорилгоор тус улсад амьдарч буй юм байна.
Оршин суух визийн төрлөөр нь ангилбал, аялал жуулчлал болон суралцах зорилготой иргэд зонхилж байгаа аж. Тодруулбал:
- Аялал жуулчлал – 15,246
- Оюутан – 14,730
- Хэлний бэлтгэл – 5,503
- Гэр бүлийн дагалдан виз – 4,681
- Гэрээт ажилтан – 3,829
- Ажил хайгч – 2,159 иргэн тус тус байна.
Мөн БНСУ-д оршин сууж буй нийт монгол иргэдийн 23.7 хувь буюу 14,244 хүн визийн хугацаа хэтрүүлсэн, эсвэл бичиг баримтын зөрчилтэй юм байна. Өөрөөр хэлбэл, БНСУ-д байгаа дөрвөн монгол иргэн тутмын нэг нь визийн хугацаа хэтрүүлсэн буюу “харласан” гэсэн ангилалд багтжээ.
Зөрчилтэй иргэдийн дотор 66.8 хувь нь аялал жуулчлалын визээр ирээд хугацаа хэтрүүлсэн бол 9.6 хувийг гэрээт ажилчид эзэлж буй бол үлдсэн хэсгийг оюутан болон бусад төрлийн визтэй иргэд бүрдүүлжээ.
2026 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн урсгал тасралтгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, нийт 47,483 иргэн тус улсад зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Зөвхөн гуравдугаар сард БНСУ-ыг зорьсон 16,289 иргэний дийлэнх буюу ойролцоогоор 70 орчим хувь (11,184 хүн) нь богино хугацааны аялал жуулчлалын визтэй иргэд байсан байна.












































































