Европын холбооны Зөвлөлийн хэвлэлийн албанаас дөрөвдүгээр сарын 23-ны пүрэв гарагт “Европын Холбооны ОХУ-ын эсрэг 20 дахь хориг арга хэмжээ криптовалютын үйл ажиллагаанд цохилт өгнө” гэж мэдээлжээ.
Энэхүү багцыг бичгээр санал хураах журмаар бүх гишүүдийн санал нэгтэйгээр баталсан талаар тухайн үед ЕХ-г ээлжит журмаар даргалж байсан Киприйн байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна.
Брюссель ОХУ-д бүртгэлтэй, крипто хөрөнгийг шилжүүлэх, солилцох боломж олгодог үйлчилгээ үзүүлэгчид болон платформуудад салбарын хэмжээнд бүрэн хориг тавьжээ.
Мөн ЕХ нь Оросын рубльтэй уялдуулсан дижитал санхүүгийн актив (RUBx)-тай холбоотой бүх гүйлгээг хориглож, дижитал рублийг хөгжүүлэхэд ЕХ-ноос үзүүлэх аливаа дэмжлэгийг зогсоосон байна.
Түүнчлэн хоригийг тойрон гарахаас сэргийлэх үүднээс Оросын агентуудтай хийх цэвэр (нетто) гүйлгээнүүдийг ч хоригложээ.
Кыргызстан дахь байгууллагад ногдуулсан хориг
Мөн Кыргызстан дахь, их хэмжээний A7A5 стейблкойн арилжааладаг криптобиржийг удирддаг байгууллагад хориг арга хэмжээ авсан байна.
2025 оны хоёрдугаар сарын сүүлээр Кыргызстан дахь Grinex крипто бирж дээр Оросын рубльтэй холбогдсон A7A5 стейблкойн гарч, хоригийн нөхцөлд ОХУ болон бусад орнуудын хоорондын хил дамнасан тооцоог хөнгөвчлөх зорилготой байсан аж.
Брюссель “Санхүүгийн салбарт тавигдсан өргөн хүрээний хоригийн улмаас Орос улс олон улсын гүйлгээнд криптовалютыг улам их ашиглах болсон” гэж тэмдэглээд, энэ хандлагыг таслан зогсоохоо илэрхийлжээ.
20 орос банканд гүйлгээ хийхийг хориглов
Үүнээс гадна Европын Холбоо Оросын 20 банканд гүйлгээ хийхийг хориглосон байна. Мөн ЕХ-ны хоригийг тойрон гарах, эсвэл Оросын банк хоорондын мессэжийн сүлжээтэй холбоотой гуравдагч орны дөрвөн санхүүгийн байгууллагатай хийх гүйлгээнд хориг тавьжээ.
ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ
Европын Комисс энэхүү 20 дахь хоригийн багцыг хоёрдугаар сарын эхээр танилцуулсан аж. Брюссель энэ арга хэмжээг Украинд өрнөж буй бүрэн хэмжээний дайны дөрвөн жилийн ойгоос өмнө батлахаар төлөвлөж байсан ч Унгар хориглосны улмаас шийдвэр хойшилсон.
ЕХ хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд бүх гишүүн улсын санал нэгтэй байх шаардлагатай аж.
Шинэ багцад, бусад зүйлсийн хамт, Оросын нефтийн экспортыг далайгаар тээвэрлэхтэй холбоотой үйлчилгээний бүрэн хориг, мөн ОХУ-д танкер худалдан авах боломжийг хүндрүүлэх арга хэмжээнүүд багтжээ.
Мөн Оросын эрчим хүчний салбарын олборлолт, боловсруулалт зэрэг бүх шат – хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийг хамарсан 36 төрлийн иж бүрэн жагсаалтыг багтаасан байна.
Усан онгоцуудад тавьсан хориг
Нэмэлтээр 46 усан онгоц боомтод нэвтрэх болон далайн тээвэртэй холбоотой олон төрлийн үйлчилгээ авах эрхээ хасуулжээ. Ингэснээр хоригт орсон усан онгоцны нийт тоо 632-д хүрсэн байна.
Эдгээр арга хэмжээ нь ЕХ-ны гишүүн бус орнуудын, ОХУ-ын “сүүдрийн флот”-д хамаарах танкеруудыг чиглэжээ.
Мөн ОХУ-ын Мурманск, Туапсе боомтууд, түүнчлэн Индонезийн Каримун боомтын нефтийн терминалтай холбоотой ажиллагааг хориглосон байна. Эдгээрийг нефтийн үнийн хязгаарлалтыг тойрон гарахад ашиглаж байсан гэж үзжээ.
Худалдааны хязгаарлалтыг чангатгав
Өөр нэг хэсэгт худалдааны хоригийг чангатгасан байна. ЕХ 360 сая еврогоос давсан үнийн дүн бүхий резин, трактор, кибер аюулгүй байдлын үйлчилгээ зэрэг бараа, үйлчилгээний экспортод шинэ хориг тавьжээ.
Мөн 570 сая еврогоос давсан үнийн дүнтэй металл, химийн бүтээгдэхүүн, стратегийн чухал ашигт малтмалын импортод хязгаарлалт тогтоосон аж.
Улмаар тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашиглагдах материал зэрэг цэргийн зориулалттай бараа, технологийн экспортод нэмэлт хориг тавьсан байна.
Үүнээс гадна ЕХ анх удаа хоригийг тойрон гарахаас сэргийлэх тусгай механизмыг идэвхжүүлж, ОХУ руу дахин экспорт хийх өндөр эрсдэлтэй орнууд руу тоон удирдлагатай машин, радио станц экспортлохыг хоригложээ.
Мөн Европын Комисс ЕХ-ны компаниудын оюуны өмчийн эрх зөрчигдөх, шударга бусаар хураагдах эрсдэлээс хамгаалах хууль эрх зүйн баталгааг чангатгах санал гаргасан аж.
Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг чиглэсэн хориг
Энэхүү 20 дахь хоригийн багц нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын чадавхийг улам хязгаарлаж, цэргийн бүтээгдэхүүн, тухайлбал, дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд оролцдог 58 компани болон холбогдох хувь хүмүүсийг хоригийн жагсаалтад оруулсан байна.
ЕХ Хятад, Нэгдсэн Арабын Эмират, Узбекистан, Казахстан, Беларусьт байрлах 16 байгууллагыг хоригийн жагсаалтад оруулжээ. Эдгээр нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн салбарт давхар зориулалттай бараа, эсвэл зэвсгийн систем нийлүүлдэг байсан аж.
Эх сурвалж: DW












































































