Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд Төрийн ордонд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нээж, байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр уг хуулийн төслийг Байгаль орчин, уур амьсгалын яамнаас боловсруулж буй бодлоготой уялдуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын нийт 50 гаруй төлөөлөл оролцож, хуулийн төсөлд санал, шүүмжээ илэрхийлэв. Судлаачид тус хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шинэчилсэн найруулгын гол өөрчлөлтүүдийг танилцууллаа.
Анх 1994 онд батлагдсан уг хууль нь Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувь буюу 32.8 сая га талбайг тусгай хамгаалалтад авч, экологийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Цаашид энэ хэмжээг 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ.


Шинэчилсэн найруулгын төсөлд:
- Газар ашиглалтын зохицуулалтыг сайжруулах
- Аялал жуулчлалын үйл ажиллагааг тодорхой болгох
- Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
- Санхүүжилтийн эх үүсвэрийг олон төрөлтэй болгох
- Хот суурин орчмын газар ашиглалтын асуудлыг шийдвэрлэх
зэрэг гол өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Мөн нутгийн иргэдэд хадлан, бэлчээр, ахуйн хэрэгцээнд газар ашиглах боломжийг тодорхой болгож, аялал жуулчлал болон суурьшлын бүсийн зохицуулалтыг илүү нарийвчилжээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид газар ашиглах хугацаа, зөвшөөрөл олголтын хугацааг богиносгох, аялал жуулчлалын томоохон хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэдийн өмчийн эрхтэй холбоотой асуудлыг тодорхой болгох зэрэг саналуудыг гаргасан.
Хуулийн төсөл батлагдсанаар байгаль хамгааллын бодлого илүү тогтвортой болж, олон улсын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.













































































