Монгол бөхийн өргөөнд бямба, ням гарагт улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон хоёр барилдаан болно. Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болох юм.
Тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Ц.Одбаяр, Д.Хүдэрбулга, С.Сүхбат тэргүүтэй улсын цолтой 19 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Энэхүү сумыг 1936 онд байгуулсан бөгөөд хуучнаар Түшээтхан аймгийн Илдэн гүний хошуу юм. Тус сумаас ганцхан улсын цолтой бөх төрөн гарсан нь хүчит харцага Э.Ууганбаяр билээ.
Түүний хувьд Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд харцага Д.Бат-Эрдэнээр дөрөв, заан Б.Бат-Өлзийгөөр тав давснаар улсын цолны босго давж, начин болсон түүхтэй.
Улмаар 2024 онд Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатараар дөрөв, аймгийн арслан П.Хүрэлбаатараар тав, улсын начин Э.Мөнхжаргалаар зургаа давж, харцага цолд хүрсэн билээ.
Энэ сарын 26-ны ням гарагт нийслэлийн МАН-ыг үүсгэн байгуулсны түүхт 101 жилийн ойд зориулсан улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай. Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх 2001 онд зохион байгуулсан.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил нийслэл МАН-ын 100 жилийн ойд зориулсан аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын гарди Н.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэж байсан юм. Ардын хувьсгалаас хойш улсын баяр наадмаар аварга цолтой 25 бөх төрөн гарснаас өдгөө 12 нь амьд, энх тунх амьдарч байна.












































































