Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал анх удаа өчигдөр (2026.04.24) УИХ-ын асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад цаг үеийн болон тухайлсан сэдвийн хүрээнд хариулт өгөв. Түүний хариулт болгон хэлсэн үгсийн онцлох ишлэлүүдээс хүргэж байна.
-Авлига бол монгол хүн бүрийн алдсан боломж, биелээгүй мөрөөдөл. Тиймээс авлигатай тэмцэх нь зөвхөн нэг байгууллагын биш, нийт төр, ард түмний ажил. Одоогийн тогтолцоогоор үр дүнд хүрэхгүй тул эрх мэдлийг сааруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх бодит өөрчлөлт хийх шаардлагатай. Засгийн газар авлигын эсрэг бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэлээр үндсээр нь устгах зорилготой.
-Авлигач гэж хэдэн хүнийг нэрлэх нь шийдэл биш, авлига өөрөө Монголын дайсан. Энэ бол нэг намын биш, нийт улсын асуудал. Ил тод байдал, цахимжилтын хүрээнд олон мэдээллийг нээлттэй болгож, тендер зэрэг үйл явцыг ил болгосон. Цаашид нууцлалыг багасгаж, ил тод засаглалыг бэхжүүлэн авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлнэ.
-Авлигыг үндсээр нь устгахын тулд төрийн нууц мэдээллийг ил болгож, бүх үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Өнөөдөр авлига, хүнд суртлыг тойроогүй иргэн, бизнес бараг байхгүй. Цаашид гэрээ, тендерийг нээлттэй болгож, блокчэйн, хиймэл оюунд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ.
Засгийн газрын бодлого нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж, орлогын ихэнхийг хувийн салбарт шилжүүлэх зорилготой. Зөвшөөрлийн тогтолцоог хялбарчилж, олон үйлчилгээг чөлөөлөн, төрийн оролцоог бууруулж байна. Цаашид дата, хиймэл оюунд суурилсан, хүний оролцоо багатай шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай болгоно.
-Авлигын асуудалд улс төржихгүйгээр бүх тал хамтран тэмцэх ёстой. Авлига зөвхөн нэг намын асуудал биш. Засгийн газар төсөл гацаагч биш, хөдөлгөгч байх бөгөөд томоохон төслүүдийг ил тод, эргэлзээгүй нөхцөлд хэрэгжүүлнэ. Мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоо, шинжлэх ухаанч шийдвэр гаргалт дээр тулгуурлаж, авлигыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.
-Одоогийн тогтолцоо дангаараа авлигын асуудлыг шийдэхгүй. Авлигыг зөвхөн дээд шатанд удирддаг, дунд шатанд хэрэгждэг гэж үзэхгүй, харин тогтолцоог нь үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Тиймээс өмнө эхлүүлсэн шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлж байна. Улс төрд ‘төгс хүн’ гэж байдаггүй, харин туршлагатай хүмүүсийг багтаа оруулж, нээлттэй шүүмжлэлд суурилан ажиллана.
-Намын дүрмийн дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг түдгэлзүүлж, ёс зүйн асуудлыг намын Хяналтын хороогоор шийдүүлдэг. Авлига, албан тушаалын хэрэгт хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тэрээр өөрийн удирдлагын арга барилд хэн нэгэнтэй тохиролцох, далдуур шийдэх хандлага байхгүй, ил тод, зарчимч байдлаар ажиллана гэж мэдэгдсэн бөгөөд залуу үеийн шинэ хандлагаар төрийг өөрөөр удирдахыг зорьж байгаагаа онцолсон байна.
-Өмнө нь Монгол Улс мөнгө босгох боломж хязгаарлагдмал байсан бол одоо бонд, хөрөнгө оруулалтаар их хэмжээний санхүүжилт татах болсон. Гэвч энэ мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт сул байснаас нийгэм хэт баян, ядуу гэсэн ялгаралд орсон гэж үзэж байна. Тэрээр энэ асуудлыг үндсээр нь өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд авлига, шударга бус байдлын эсрэг намын харьяаллаас үл хамааран хамтдаа тэмцэхийг уриалсан байна.
-Би эмээтэйгээ өссөн хүүхэд: Бага наснаасаа эмээгийнхээ төрийг хүндэтгэх үзэл, ёс уламжлалаар хүмүүжсэнээ дурдсан бөгөөд төрийн алба хашиж буй хүн үлгэрлэл, манлайлалтай байх ёстой гэж үздэг. Мөн төрийн нэр хүндийг сэргээх нь өнөөгийн үеийн үүрэг гэж онцолсон байна. Тэрээр өмнө нь тусгай сангуудын мэдээллийг ил болгож байсан бөгөөд хөдөлмөрлөж амжилтад хүрэх зарчимд итгэдэгээ хэлжээ. Мөн өөрийн амьдрал, гэр бүл, орлого хөрөнгө нь ил тод бөгөөд цаашид ч энэ зарчмаа баримталж ажиллана.
-Авлигатай тэмцэх ажилд би бууж өгөхгүй. Эхлүүлсэн цахимжилт, E-Mongolia, шилэн ажиллагаа нь авлигыг бууруулах суурь шийдэл болсон. Монгол Улс цахим болон нээлттэй засаглалын индексээр ахиц гаргасан, олон улсын хэмжээнд үнэлэгдэж байна. Цаашид газар олголт, бүртгэл зэрэг мэдээллийг блокчэйнд оруулж, ил тод, хяналттай систем бий болгоно. Монголд ардчилал бий, түүнийг үгүйсгэж болохгүй. Бүх саналыг парламентын хүрээнд хэлэлцэж, шаардлагатай мэдээллээр хангана. Түр хороо байгуулахыг ч дэмжиж ажиллана.
-Танай, манай гэж ярих нь зохимжгүй. Бид хувь хүнээс илүү системээ ярих ёстой. Хуучин арга барилаасаа салж, урагш харж зоригтой ажиллахгүй бол талцсаар байгаад хөгжихгүй. Намын даргаар сонгогдсоноосоо хойш нам дотроо цэвэрлэгээ, шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн. Нам дотроо цэвэршиж байж төр цэвэршинэ. Тиймээс хамтдаа нам, улс төрөө цэвэрлэх ёстой. Би хүн рүү чиглэсэн яриа хийхгүй, популизм, хий хоосон шоу хийхгүй. Үр дүнгээр ажиллаж харуулна.
-12 мянган иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээж, 10 хоногт 42 тэрбум төгрөгийн татварын төлөлт хийгдсэн нь төр иргэндээ итгэвэл бодит үр дүн гардагийг харуулж байна. Цаашид дансыг шууд хаах биш, шалгаж нягтлах зохицуулалттай болгоно. Ажиллах хүчний оролцооны түвшин буурч, 10 хүн тутмын 6 нь ажил эрхлэхгүй байгаа нь анхаарах асуудал. Төрийн албыг шинэчилж, 213 мянган албан хаагчийн бүтэц, үр ашигт дүгнэлт хийнэ. Мөн оюутны цагийн ажил, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.
-Дансаа хаалгасан 12,549 татвар төлөгчийн 396 нь шүүхийн шийдвэртэй байсныг тодруулж, Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж асуудал шийдэхгүй гэдгийг онцолсон. Одоогоор 12 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээж, 10 хоногт 42 тэрбум төгрөгийн татвар төлөлт хийгдсэн байна. Мөн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл, хүнд суртлаас чөлөөлж, олон шат дамжлагыг цуцалсан. Цаашид зөвшөөрөл, лицензийн тогтолцоог хялбарчилж, төрийн оролцоог багасган хувийн хэвшлийн орон зайг тэлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
-Ипотекийн зээл 2013 онд үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд хэрэгжиж эхэлснээс хойш нийт 11.87 их наяд төгрөгийн зээл олгож, 133 мянган өрх хамрагдсан байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч яндангийн тоо буурахгүй байгаа нь анхаарах асуудал. Тиймээс цаашид ипотекийн зээлийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатай.
-Өнөөдрийн орлогын гол тасралт нь ААН-ийн орлогын албан татвараас 560 тэрбум, хувь хүний орлогын албан татвараас 200 тэрбум төгрөгөөр үүсч, эхний гурван сарын байдлаар төсвийн алдагдал 1.3 их наядад хүрсэн байна. Олон улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Засгийн газар бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд шатахууны үнэ өсөхгүй гэдгийг мэдээлсэн. Цаашид ногоон санхүүжилтийг дэмжих шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Мөн төсвийн бодлого алдаатай явж ирснийг засах шаардлагатай гэж үзэж, татварын багц хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл хийж байгаа бөгөөд банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна.












































































