Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-ын тэргүүлэх их сургууль болох Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн форумд оролцож илтгэл тавив.
Форумын үеэр түүнийг тус хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилж, батламж гардуулсан байна. Энэхүү хороо нь дэлхийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөллөөс бүрддэг, тогтвортой хөгжлийн чиглэлээр стратегийн зөвлөмж боловсруулах үүрэгтэй бүтэц юм.
Тус зөвлөхүүдийн хороонд Данийн Ерөнхий сайд асан Хелле Торнинг-Шмидт, Австрийн Ерөнхийлөгч асан Хайнц Фишер, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Ирина Бокова, Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц зэрэг дэлхийд нэр хүндтэй олон улс төрч, бодлого тодорхойлогч, эрдэмтэд багтдаг байна.
Ийнхүү нэр хүндтэй олон улсын зөвлөхүүдийн бүрэлдэхүүнд Монголын төлөөлөл орсон нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого болон бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрийг олон улсын түвшинд үнэлж буй хэрэг гэж ажиглагчид үзэж байна.
14 дэх удаагийн уг форумыг Цинхуа их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн улс орнуудын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг урьж оролцуулан илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай.
Н.Энхбаяр илтгэлдээ Монгол Улс тогтвортой хөгжлийг хангахын тулд технологийн инновац, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлж, өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилга, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх бодлого нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтойг дурджээ.
Тэрбээр ялангуяа Говийн бүсийн цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцолж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн байна.
Дашрамд дурдахад, Цинхуа их сургууль нь Азийн шилдэг их сургуулиудын нэгд тооцогддог, дэлхийн их сургуулиудын чансаанд тогтмол эхний 20-д багтдаг.
Тус сургуулийн гол давуу тал нь хиймэл оюун ухаан, инженерчлэл болон байгалийн шинжлэх ухааны салбарт тэргүүлэх түвшний судалгаа, инновац хөгжүүлэлт хийдгээрээ онцлог аж.












































































