Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Одоогийн байдлаар 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж буй юм байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогийн байдлаар 946 хэрэг шалгагдаж буй аж.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцон илүү оноо нэмж өгсөн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн ба зохих шаардлагыг хангахгүй этгээдийг ажилд томилж эдийн засгийн давуу байдал олгосон, бусдын банкны картаар гүйлгээ хийж хувьдаа завшсан,
төрийн өмчит компанийн техник хэрэгслийг түрээслүүлсэн орлогыг өөртөө зарцуулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохоор амлан хахууль авсан зэрэг эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад 1.8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,
291,1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
дээрх 1.8 тэрбум төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, энэ үйлдлийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан байж болзошгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.













































































