Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр (2026.04.26) Хотын даргын орлогч Т.Даваадалайгаас байцаалт авч, гэрт нь нэгжлэг хийж, улмаар 48 цагийн хугацаагаар баривчилсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлэхдээ “Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна.
Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад, дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн, 48 цагаар баривчилсан байх юм.
Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.
Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор
Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд” гэжээ.


Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй “Туулын хурдны зам”-ын тендерийн асуудалтай нэр холбогдсон. Тодруулбал, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл цацагдсан билээ.













































































