Франц улсад болсон “Их долоо” /G7/-гийн Байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс урилгаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд бодлогын түвшний санаачилгаа танилцуулав.
“Их долоо”-гийн уулзалтад сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд бусад улс орнуудыг урьж оролцуулах болсон бөгөөд энэ удаад Монгол Улсаас гадна БНСУ, БНТУ, Кени, Албани, Австрали, БНЭУ, Бразил зэрэг улсын Байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ.
Энэхүү уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Монгол Улс наймдугаар сарын 17-ноос 28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулахтай холбогдуулан туршлага, бодлогын чиглэлээ танилцуулжээ.
Энэ хүрээнд цөлжилттэй тэмцэж буй туршлага, усыг зөв зористой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтол, бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн гурван үндсэн санаачилга дэвшүүлсэн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх цогц бодлогын санаачилга болох “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлжээ.
Уг санаачилга нь UNCCD COP17-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй бодлогын санаачилга юм. Түүнчлэн уулзалтын хүрээнд Франц, БНСУ, Кени, Итали улсын байгаль орчны сайд нартай хоёр талт уулзалт хийж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, технологи, туршлага солилцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр дэлхий дахинд тулгарч буй байгаль орчны асуудлууд гүнзгийрч буй өнөө үед байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж буйг онцолжээ.
Тэрбээр “Эдийн засаг, хүнсний тогтолцоо, нийгмийн тэсвэртэй байдал нь байгаль орчин болон газраас шууд хамааралтай. Иймд байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, байгалийн экосистемийн тогтвортой ашиглалт нь тэргүүн зорилт хэвээр байх ёстой” гэж дурдсан байна.
Түүнчлэн “Байгаль ба Хүний сайн сайхны төлөөх санхүүжилтийн эвсэл” байгуулагдаж буй нь цаг үеэ олсон чухал ажил гэж талархан хүлээн авч байгаагаа тодотгожээ.
Мөн “Биологийн олон янз байдлын санхүүжилт хангалтгүйгээс гадна хэсэгчилсэн, салангид хэвээр байна. Санхүүжилтийг бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэйгээр зарцуулахад илүү их анхаарал хандуулах шаардлагатай” хэмээн онцолсон байна.

Монгол Улсын хувьд Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг Даян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулан шинэчилж буй.
Урьдчилсан үнэлгээгээр, 2030 он хүртэл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 810 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Байгаль хамгаалал нь Монголын нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлалд гүн шингэсэн байдаг бөгөөд газар дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах ухаанд тулгуурладаг. Гэвч хурдтай хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү тэнцвэрт байдлыг алдагдуулж буй.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагч орны хувьд Монгол Улсаас санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэрэгжилтийн платформ болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр олон улсын байгаль орчны зорилтуудын хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулна гэсэн итгэл, хүлээлт байна гэсэн байр суурь илэрхийлжээ.
Ийнхүү Монгол Улс “Их долоо”-гийн уулзалтад оролцсоноор олон улсын түвшинд бодлогын санаачилга дэвшүүлж, байгаль орчны чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байр сууриа бататгасан байна.














































































