Дэлхийн цэргийн зардал 2025 онд 2.9 хувиар өсөж, 2.88 их наяд ам.долларт хүрсэн нь дараалан 11 дэх жилдээ өссөн үзүүлэлт болсныг Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) дөрөвдүгээр сарын 27-нд нийтэлсэн тайландаа дурджээ.
Улс орнууд нийтдээ дэлхийн ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг зэвсэглэлд зарцуулсан нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Гэхдээ өсөлтийн хурд 2024 онтой харьцуулахад ойролцоогоор 10 хувиар буурсан нь АНУ-ын цэргийн зардал багассантай холбоотой аж. АНУ-ыг хасвал дэлхийн нийт зэвсгийн зардал 9.2 хувиар өссөн байна.
SIPRI-ийн судлаач Сяо Лян “Дайнууд, тодорхойгүй байдал, геополитикийн донсолгоонд хариу болгон улс орнууд зэвсэглэлээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа тул цэргийн зардал 2026 онд ч өсөх хандлагатай байна” гэж хэлжээ.
Орос “элэгдлийн дайн”-ы зардлаа нөхөж байна
SIPRI-ийн тооцоогоор, Оросын цэргийн зардал 5.9 хувиар өсөж, 190 тэрбум ам.долларт (ДНБ-ий 7.5%) хүрсэн байна. Ингэснээр ОХУ АНУ (954 тэрбум) болон Хятадын (336 тэрбум) дараа гуравдугаарт хэвээр бичигджээ.
Гэсэн ч өсөлтийн хурд нь 2022 онд Украинд халдсанаас хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна. Харин улсын нийт зардлын 20 хувийг цэрэгт зарцуулж байгаа нь SIPRI-ийн бүртгэж байсан хамгийн өндөр үзүүлэлт аж.
Эдийн засгийн дарамт, хориг арга хэмжээ байсаар байгаа ч Орос зардлаа нэмсээр буй бөгөөд худалдан авалтын стратегиа өөрчилжээ.
Дайн “элэгдлийн” (урт хугацаанд бие биенээ нөөц, хүн хүч, зэвсгээр “элээж сулруулах) хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор Москва илүү хямд, олноор үйлдвэрлэх боломжтой зэвсэг (жишээ нь дрон)-д түлхүү анхаарч, үнэтэй техник (нисэх онгоц, хуягт техник)-ийн алдагдлаа нөхөж байгаа аж.
Гэсэн хэдий ч хориг арга хэмжээ нь зардлыг нэмэгдүүлж, давхар зориулалтын эд анги, дэвшилтэт технологийг шинэ сувгаар импортлох шаардлагатай болгосон байна.
Украин зардлаа огцом өсгөв
2025 онд Украин цэргийн зардлаа 20 хувиар нэмэгдүүлж, 84.1 тэрбум ам.долларт хүргэснээр дэлхийд долдугаар байрт оржээ. Энэ нь:
- ДНБ-ий 40%
- улсын төсвийн 63% буюу түүхэн дээд түвшин аж.
SIPRI-ийн судлаач Лоренцо Скараццатогийн үзэж байгаагаар, дайн үргэлжилвэл 2026 онд ч Орос, Украины цэргийн зардал өссөөр байх магадлалтай аж.
Герман цэргийн зардлаараа тэргүүлэгчдийн нэг болов
Герман цэргийн зардлаа 24 хувиар өсгөж, 114 тэрбум ам.долларт хүргэснээр дэлхийд дөрөвдүгээр байрт оржээ.
- ДНБ-ий 2.3%-ийг батлан хамгаалалтад зарцуулсан
- 2029 он гэхэд 3.5%-д хүргэх зорилт тавьсан аж.
Тус улсын Засгийн газар өрийн хязгаарлалтыг тойрч гарахын тулд төсвөөс гадуурх санхүүжилтийн арга ашиглаж, зээлээр батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж буй юм байна.
Европ дахин зэвсэгжиж байна
Европын нийт цэргийн зардал 2025 онд 864 тэрбум ам.долларт хүрч, (14 хувийн өсөлт) түүхэн дээд түвшинд хүрчээ. Сүүлийн 10 жилд (2016 оноос хойш) Европын зардал бараг хоёр дахин өссөн нь:
- Украин дахь дайн
- АНУ-ын аюулгүй байдлын баталгаанд итгэх итгэл буурах зэрэг хүчин зүйлтэй холбоотой аж.
Зарим онцлох жишээ:
- Их Британи – зардал 2 хувиар буурсан
- Франц – нийт зардал бага өссөн ч зэвсэглэлд зарцуулах мөнгө 11 хувиар нэмэгдсэн
- Испани – зардлаа 1.5 дахин өсгөсөн
- Польш – ДНБ-ий 4.5 хувийг цэрэгт зарцуулж НАТО-д тэргүүлж буй юм байна.
АНУ: Зардал буурсан ч тэргүүлсэн хэвээр
АНУ 2025 онд цэргийн зардлаа 7.5 хувиар бууруулж, 954 тэрбум ам.доллар болгосон ч дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Энэ нь Хятадаас (336 тэрбум) 2.8 дахин их юм.
Бууралтын гол шалтгаан нь Украинд шинэ тусламж батлаагүй. Гэсэн ч АНУ:
- цөмийн болон уламжлалт зэвсэглэлдээ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж
- Энэтхэг-Номхон далайн бүсэд Хятадыг сөрөх стратегидаа төвлөрч байгаа аж.
2026 онд АНУ-ын баталсан цэргийн төсөв аль хэдийнэ 1 их наяд ам.доллар давсан бөгөөд цаашид улам өсөх төлөвтэй байгаа юм байна.
Нийгэмд үзүүлэх нөлөө
SIPRI-ийн дүгнэлтээр, цэргийн зардал өсөх нь зөвхөн аюулгүй байдлын асуудал биш юм.
SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн захирал Нан Тянь “2025 онд АНУ-ын цэргийн зардал буурсан нь түр зуурынх байх магадлалтай аж. 2026 онд АНУ-ын Конгрессоор батлагдсан зардал аль хэдийнэ 1 их наяд ам.доллар давсан.
Энэ нь 2025 онтой харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн сүүлийн төсвийн санал батлагдвал 2027 онд 1.5 их наяд ам.долларт хүрч өсөх боломжтой” гэж мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цэргийн зардал өсөж буй нийтлэг хандлага нь засгийн газрууд зөвхөн нийт хэмжээгээрээ илүү их мөнгө зарцуулаад зогсохгүй төсвийнхөө илүү их хувийг батлан хамгаалалтад чиглүүлж байгааг илтгэж буй.
Энэ өөрчлөлт нь зөвхөн аюулгүй байдлын бодлогоор хязгаарлагдахгүй үр дагавартай гэж SIPRI анхааруулжээ.
Тайлангийн хамтран зохиогч Сяо Лян “Энэ нь төрийн бусад зардлын салбаруудад нөлөөлнө. Засгийн газрууд нийгмийн үйлчилгээ, эсвэл хөгжлийн хөрөнгө оруулалтыг танах шаардлагатай болж магадгүй.
Тиймээс энэ нь зөвхөн дайн, зэвсгийн асуудал биш — бүх нийгэмд гүнзгий нөлөө үзүүлнэ” гэж онцолжээ.
Эх сурвалж: DW













































































