Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросыг “цөмийн терроризм”-д буруутгаж, Москвагаас шинэ техноген осол үүсгэх аюултай цохилтуудаа зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэг шаардах ёстой гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ мэдэгдлээ дөрөвдүгээр сарын 26-ны ням гарагт, Чернобылийн атомын цахилгаан станцын ослын 40 жилийн ой тохиож буй өдөр нийтэлсэн байна.
Зеленский 1986 онд ЧАЦС-ийн дөрөвдүгээр реактор дэлбэрснээр хүрээлэн буй орчинд асар их хэмжээний цацраг идэвхт бодис тархаж, тэрхүү гамшгийн үр дагаврыг хэдэн зуун мянган хүн өнөөг хүртэл даван туулсаар байгааг сануулжээ.
Нурсан реакторын дээр дараа дараагийн хоёр хамгаалалтын байгууламж баригдсаны эхнийх нь “цөмийн ослын дараа эвдэрсэн реакторыг хааж битүүмжлэх зориулалттай хамгаалалтын бетон бүрхүүл (sarcophagus)”, дараа нь олон улсын санхүүжилтээр 40 гаруй улсын оролцоотой баригдсан “маш том хамгаалалтын бүрхүүл байгууламж (confinement)” аж.
Украины Ерөнхийлөгч “Эдгээр хоёр байгууламж нь цацраг алдагдах, бохирдол үүсэхээс хамгаалдаг. Тэдгээрийн арчилгаа, хамгаалалт нь хүн бүрийн ашиг сонирхолд нийцнэ” гэж онцолжээ.
“Орос дахин дэлхийг аюулд оруулж байна”
Зеленскийн хэлснээр, Орос Украинтай хийж буй дайнаа үргэлжлүүлснээр дэлхийг дахин техноген гамшгийн ирмэгт ойртуулж байгаа аж. Орос-Ираны “Шахед” төрлийн дронууд ЧАЦС-ын дээгүүр тогтмол нисч, агаараар дамжин өнгөрөх зам болгон ашиглаж буй юм байна.
2025 оны хоёрдугаар сард ийм дронуудын нэг нь тэсрэх бодистойгоор шууд конфайнмент байгууламжид цохилт өгсөн бөгөөд Украины Ерөнхий прокурорын газар энэ халдлагыг санаатай үйлдэл гэж дүгнэжээ.
Зеленский “Дэлхий энэ цөмийн терроризмыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөх ёсгүй. Хамгийн зөв арга нь Оросыг галзуу халдлагуудаа зогсооход хүргэх юм” гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр 1986 оны Чернобылийн ослын үр дагаврыг арилгахад амь нас, эрүүл мэндээрээ золиос гаргасан ликвидаторуудын дурсгалыг хүндэтгэн дурсан тэмдэглэжээ.
Эх сурвалж: DW













































































