Израилийн Ерөнхийлөгч Ицхак Герцог авлигын хэрэгт холбогдсон тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг шууд өршөөхийн оронд эхлээд гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхийг зорьж байгаа талаар “The New York Times” сонин Израилийн өндөр албан тушаалтай эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус хэвлэлд “Герцог ойрын хугацаанд Нетаньяхуг өршөөх талаар төлөвлөөгүй. Харин эхлээд зуучлалын үйл явцыг эхлүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрэхийг зорих болно” гэж дурдсан байна.
Эх сурвалжуудын онцолсноор, Ерөнхийлөгчийн гол зорилго нь нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх бөгөөд энэ шатанд Нетаньяхугийн өршөөл хүссэн хүсэлтэд хариу өгөхөөс илүүтэй асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг илүүд үзэж байгаа аж.
Нетаньяхугийн эсрэг хэрэг
Тель-Авив хотын дүүргийн шүүхэд 2024 оны арванхоёрдугаар сард Израилийн Ерөнхий сайдын эсрэг удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн шүүх хурал эхэлсэн. Бенжамин Нетаньяхугийн хувьд хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгагдаж буй аж.
Хамгийн ноцтой нь “4000 дугаар хэрэг” бөгөөд энэ нь Израилийн хамгийн том харилцаа холбооны компани болох “Bezeq”-ийн ашиг сонирхлыг лоббидсон гэх хэрэг аж. Үүний хариуд тус компанийн хяналтад байдаг “Walla” мэдээллийн сайт Нетаньяхуг сайшаасан мэдээлэл түгээж байсан гэж үздэг байна.
Мөн “2000” болон “1000” дугаар хэргүүдэд түүнийг залилан болон олон нийтийн итгэлийг урвуулсан гэж буруутгаж байгаа аж.
- “1000 дугаар хэрэг” нь Нетаньяху Холливудын продюсер Арнон Мильчанаас тансаг бэлэг (үнэт навчин тамхи, шампан дарс гэх мэт) авсан гэх хэрэг бөгөөд нийт үнийг ойролцоогоор 300 мянган ам.доллар гэж үнэлжээ. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, үүний хариуд тэрбээр бизнесийн ашиг сонирхлыг нь дэмжсэн байна.
- “2000 дугаар хэрэг”-т, Нетаньяху Израилийн томоохон медиа групп “Yedioth Ahronoth”-ийн эзэнтэй тохиролцохыг оролдсон гэж үздэг аж. Тэрбээр өөрийнх нь талаар эерэг мэдээлэл түгээхийн оронд өрсөлдөгч болох “Israel Hayom” сонины үйл ажиллагааг хязгаарлах хууль батлуулах санал тавьсан гэх асуудал яригддаг байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI













































































