Буудалцааны талаар юу мэдэгдэж байна вэ?
Вашингтон хот дахь Washington Hilton зочид буудалд дөрөвдүгээр сарын 25-ны орой болсон Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны хүлээн авалтын үеэр буудалцаан болсон. Тус арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцож байв.
Америкийн засаг захиргааны төлөөлөгчдөөс, тухайлбал Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Мелания Трамп, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс нар бэртэж гэмтээгүй аж. Харин буудсан этгээдийг баривчилсан бөгөөд Нууц албаны нэг ажилтан шархаджээ.
ТАСС агентлаг уг явдлын талаарх гол мэдээллийг нэгтгэн мэдээлснийг хүргэж байна.
Зочид буудалд болсон буудалцаан
Зэвсэглэсэн эрэгтэй этгээд зочид буудлын лоббид байрлах хяналтын нэвтрэх цэгээр хүчээр нэвтрэхийг оролдож, хамгаалалтын ажилтнууд түүний зүг гал нээжээ.
АНУ-ын Нууц албаны нэг ажилтан буудуулсан боловч сум нэвтэрдэггүй хантааз нь түүнийг хүнд гэмтлээс аварч, амь насанд нь аюул учраагүй байна.
Reuters агентлагийн эх сурвалжаас авсан мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд буу (дробовик), гар буу болон хэд хэдэн хутгаар зэвсэглэсэн байжээ.
Тэр этгээд ганцаараа энэхүү үйлдлийг хийсэн байх магадлалтай аж.
The New York Post сонины сэтгүүлч Кэрол Марковичийн мэдээлснээр, буудалцааныг Торранс хотоос ирсэн 31 настай Коул Томас Аллен эхлүүлсэн байна.
Хууль сахиулагчдын үзэж буйгаар, сэжигтэн тухайн зочид буудалд байрлаж байсан байж болзошгүй аж.
Түүнийг баривчилж, одоогоор эмнэлэгт үзлэгт оруулж буй бөгөөд буудуулсан шарх аваагүй байна.
Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд мөрдөн байцаагчид түүний бай хэн байсан болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Сэжигтэнд ямар ял оноож болзошгүй вэ
Сэжигтэнд дараах хоёр зүйл ангиар ял тулгаад байгаа аж. Үүнд:
- Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан
- Аюултай зэвсэг ашиглан холбооны ажилтанд халдсан
Тэрбээр даваа гарагт шүүхийн өмнө очих юм байна.
Трампын мэдэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг явдлын дараа Вашингтонд болсон хүлээн авалтыг орхиж, удалгүй Цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийжээ.
Тэрбээр өөрийгөө тэрхүү буудсан этгээдийн бай байсан байж магадгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн энэ хэрэг АНУ-ын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой гэдэгт эргэлзэж байгаагаа хэлжээ.
Трамп мөн Washington Hilton зочид буудалд болсон буудалцааны сэжигтний зургуудыг Truth Social сүлжээнд нийтэлсэн байна.

Эх сурвалж: TASS













































































