Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр энэ сарын 28-ны өдөр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ.
Тодруулбал дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн байна. Гэвч уг хүсэлт бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Түүнчлэн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байх, мөн төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхааруулав.














































































