ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчтэй Дональд Трамптай дөрөвдүгээр сарын 29-ний лхагва гарагт утсаар ярихдаа ОХУ тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баярт зориулан Украинд дахин түр гал зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Утасны яриа Оросын санаачилгаар болж, нэг цаг хагасаас илүү хугацаагаар үргэлжилсэн бөгөөд Путины туслах Юрий Ушаковын хэлснээр “найрсаг, илэн далангүй, ажил хэрэгч уур амьсгалтай” болжээ.
Трамп: “Сайн яриа болсон”
Дональд Трамп энэ яриа болсныг Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд баталсан байна. Тэр “Би түүнийг олон жил мэднэ. Бид сайн ярилцсан” гэж хэлжээ.
Трамп Украин дахь дайнд “жижиг хэмжээний гал зогсоох” саналыг өөрөө Оросын Ерөнхийлөгчид тавьсан байна. Америкийн удирдагч “Тэр үүнийг зөвшөөрч магадгүй гэж бодож байна” гэж нэмж хэлжээ. Яриа голчлон Украин дахь мөргөлдөөнд төвлөрсөн байна.
Путин Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Трамп “Та эхлээд Украин дахь дайныг зогсооход анхаарвал дээр” гэж хариулсанаа дурджээ.
Тэр “Таниас надад туслахаасаа өмнө өөрийн дайнаа зогсоохыг хүсэж байна” гэж хэлсэн аж. Путин, Трамп нарын өмнөнь 2025 оны арванхоёрдугаар сарын 28-нд утсаар ярьсан билээ.
“Улаан өндөгний баярын гал зогсоох” загвар
Ирэх сарын 9-нд гал зогсоох санал нь дөрөвдүгээр сарын эхээр Путины зарласан “Улаан өндөгний баярын гал зогсоох”-той төстэй аж.
Тухайн үед Оросын арми дөрөвдүгээр сарын 11-ний 16:00 цагаас 12-ны өдрийг дуустал гал зогсоосон гэж мэдэгдсэн ч хоёр тал бие биенээ мянга мянган зөрчил гаргасан гэж буруутгасан юм.
Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн Улаан өндөгний баяраар гал зогсоох санал гаргаж байсан аж.
Эх сурвалж: DW, AFP













































































