Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2026.04.27/ Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга асан, хошууч Я.Билэгдэмбэрэл нарт холбогдох авлигын хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Нийтийн албан тушаалтан байх хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн ЭЦА-ны хэлтсийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд шүүхээс 2.6 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.
Тодруулбал, Я.Билэгдэмбэрэл нь албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шан харамж шаардах, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг үйлдэл гаргаж,
иргэн Г.Сайнбаярын ашигт малтмал хайх, олборлох ашиг сонирхлын хүрээнд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 59 сая төгрөг, мөн иргэн А.Мөнхбатаас 2 сая төгрөг, нийт 61 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ.
Мөн түүний хөрөнгө, орлого 253.6 сая төгрөгөөр нэмэгдсэнийг хууль ёсны эх үүсвэрээр тайлбарлаж чадаагүй байна.
Түүнчлэн гэмт хэргийн замаар олсон орлогын эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоол болон орон сууцыг хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр худалдан авч, улмаар түрээслүүлэн 23 сая төгрөгийн орлого олсон нь мөнгө угаасан үйлдэлд тооцогджээ.
Харин Г.Сайнбаяр, А.Мөнхбат нар нь албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, Я.Билэгдэмбэрэлийг үргэлжилсэн үйлдлээр:
- хахууль авсан,
- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
- мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэжээ.
Харин: Г.Сайнбаярыг
- албан тушаалтанд давуу байдал бий болгох зорилгоор эд зүйл өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох,
- А.Мөнхбатыг мөн ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 4 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.













































































