Жеффри Эпштейнтэй холбоотой баримтууд нь түүний илбэчид болох Дэвид Блэйн, Дэвид Копперфилд нартай тогтоосон маргаантай харилцааны хүрээг ил болгож байна.
Эдгээр баримтаас үзэхэд Блэйн 2013 оны “David Blaine: Real or Magic” нэвтрүүлгийн нэг хэсэг болох алдарт “амьд алтан загас залгих” үзүүлбэрээ Нью-Йорк дахь Эпштейний харшид хийсэн нь тогтоогдож, тухайн бичлэгийг Вуди Аллены өмнө хийж байжээ.
Мөн Блэйн болон Эпштейн нар 2012-2016 оны хооронд олон удаа харилцаж, уулзалт төлөвлөж, зарим эмэгтэйчүүд тэднээр дамжин хоорондоо танилцсан тухай мэдүүлсэн байна.
Гэсэн ч Блэйн болон Копперфилд нарыг Эпштейнтэй холбоотой ямар нэг гэмт хэрэгт буруутгаагүй хэвээр байгаа аж.
Цаашлаад Эпштейн Блэйнийг Билл Гейтс зэрэг нөлөө бүхий хүмүүс, улс төр болон бизнесийн хүрээнийхэнтэй холбохыг оролдож, тэдний хоорондын харилцаа харилцан ашигтай шинжтэй байжээ.
Зарим тохиолдолд Эпштейн “охид”-той холбоотой уулзалтын талаар дурдсан боловч тэдний нас тодорхойгүй байгаа аж. Харин 2017 онд Блэйнийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан (дараа нь хэрэгсэхгүй болсон) үед Эпштейн түүнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байжээ.

Нөгөө талаас Копперфилд ч мөн Эпштейнтэй ойр харилцаатай байсан нь баримтад олонтаа дурдагджээ. Тэдний хамт авахуулсан зургууд, ялангуяа Жислейн Максвеллтэй хамт Эпштейний хувийн арал дээр авсан зургууд ил болсон байна.
Мөн мөрдөн шалгах баримтуудад Копперфилд болон Эпштейн нарын нийгмийн хүрээ давхцаж, зарим эмэгтэйчүүд тэднээр дамжин танилцаж байсан тухай дурдагджээ.
2007 онд Холбооны мөрдөх товчоо тэдний харилцаанд хууль бус шинж байгаа эсэхийг шалгаж байжээ. Үүнээс гадна Копперфилд өөрөө тухайн үед бэлгийн хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байсан ч яллагдаагүй аж.
Хожим тэрбээр өөрийг нь буруутгаж буйг эрс няцаасан байна. Сүүлийн жилүүдэд тэрбээр Лас Вегас дахь удаан хугацааны тоглолтоо дуусгахаа зарлаж, сүүлчийн тоглолтоо MGM Grand-д хийхээр болсон байна.
Эх сурвалж: CNN













































































