ОХУ Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш дөрвөн жилийн дараа “эсэргүүцлийн давлагаа”-тай нүүр тулж байна.
Оросын хотуудад сүүлийн үед үе үе тасалдаж буй интернэт хязгаарлалт нь энгийн иргэдийн эмзэг сэдвийг хөндөж, Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг олон нийтийн эсэргүүцэл аажмаар илэрч эхэлж байгаа аж.
Дайны үеийн эдийн засгийн дарамтыг Орос улс харьцангуй даван гарч чадсан бөгөөд аюулгүй байдлын байгууллагууд эсэргүүцлийн хөдөлгөөнийг хатуу хяналтад байлгасаар иржээ.
Мөн Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн нь газрын тосны үнийг өсгөж, Оросын дайны санхүүжилтэд тодорхой хэмжээнд ашигтай нөхцөл бүрдүүлсэн байгаа юм.
Гэсэн хэдий ч төрийн дарангуйллын тогтолцоо сүүлийн үед улам идэвхжсэн шинжтэй байгаа аж. Сүүлийн хэдэн долоо хоногт хууль сахиулах байгууллагууд улс төрийн өндөр түвшнийхнийг баривчлах, нэгжлэх ажлуудыг дахин эхлүүлжээ.
Үүнтэй зэрэгцэн Оросын засгийн газар ЗХУ-ын үеийн дурсамж, бэлгэдлийг дахин сэргээх хандлагатай болж буй аж.
Үүний хамгийн сүүлийн жишээ нь, өнгөрсөн мягмар гарагт болсон явдал. Оросын Мөрдөн байцаах хорооны ажилтнууд тус улсын хамгийн том хэвлэлийн байгууллагуудын нэгийн оффист нэгжлэг хийж, ажилтнуудыг саатуулсан байна.
Энэ нь “ЛГБТК суртал ухуулга” хэмээн эрх баригчдын тодорхойлсон нэг жилийн өмнөх эрүүгийн мөрдөн шалгалтын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа аж.
Тус хэвлэлийн байгууллага болох “Eksmo” нь залуучуудад зориулсан уран зохиол хэвлэдэг “Popcorn Books” нэртэй салбар хэвлэлийг эзэмшдэг байжээ. ОХУ-ын хамгийн том хэвлэлийн компанийн “Eksmo” логотип Москва дахь төв байранд байрладаг аж.

Тус салбарын нэгэн бүтээл болох “Summer in a Pioneer Tie” (Пионерийн зангиатай зун) нэртэй роман нь онцгой анхаарал татжээ. Уг 2021 онд гарсан энэхүү бестселлер нь ЗХУ-ын зуслан дээрх ижил хүйстэн хоёр залуугийн хайрын тухай өгүүлдэг байна.
Өнгөрсөн онд эрх баригчид тус хэвлэлийн байгууллагатай холбоотой хэд хэдэн хүнийг саатуулж, “Popcorn Books” салбарыг 2024 оны нэгдүгээр сард хаажээ.
Путины Орос улс “Барууны аюултай үзэл санаа” гэж үздэг зүйлсийн эсрэг удаан хугацааны турш хатуу байр суурь баримталж ирсэн. Кремлийн тэргүүн өөрийгөө уламжлалт үнэт зүйлсийг хамгаалагч хэмээн тодорхойлдог.
2023 онд ОХУ-ын Дээд шүүх “олон улсын ЛГБТ хөдөлгөөн”-ийг экстремист байгууллага гэж зарлаж, ЛГБТ үйл ажиллагаанд оролцох төдийгүй хэвлэн нийтлэх үйлдэлд хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болгосон байна.
“Eksmo”-гийн дээд удирдлагууд байцаалтын дараа батлан даалтаар суллагдсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн ч зөвхөн хэвлэлийн салбар биш, илэрхийлэл, үзэл бодлоо илэрхийлэх орон зай Орост улам хумигдаж байгаа аж.
Энэ сарын эхээр цагдаа нар 2021 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн сэтгүүлчдийн хамтран байгуулсан “Novaya Gazeta” бие даасан сонины оффист нэгжлэг хийжээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, сэтгүүлч Олег Ролдугинийг хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан байцаасан байна. Тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.
Энэ үйл явдал хэвлэлийн эрх чөлөөнд хүчтэй дарамт үзүүлж буйг харуулж байгаа аж.
“Novaya Gazeta” нь 2022 онд Украинд довтолгоо эхэлсний дараа хэвлэмэл хувилбараа зогсоосон ч онлайнаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй бөгөөд энэхүү нэгжлэг нь Оросын чөлөөт хэвлэлийн орон зайг улам шахаж буй юм байна.
Орост бие даасан мэдээлэл түгээх боломж бараг хумигджээ. Тус улсын засгийн газар Facebook, Instagram зэрэг олон нийтийн сүлжээг хориглож, төрийн хяналттай “MAX” нэртэй мессенжерийг үндсэн хэрэглээ болгохыг зорьж буй.
Мөн “Novaya Gazeta”-гийн нэгжлэгтэй зэрэгцэн хүний эрхийн байгууллага “Memorial”-ыг Дээд шүүх нь “экстремист” гэж зарласан байна.
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк энэ шийдвэрийг “Хүний эрхийн шүүмжлэлт үйл ажиллагааг гэмт хэрэг болгон хувиргаж байна” хэмээн мэдэгджээ.
Хэвлэлийн эсрэг дарамт үргэлжилж байх зуур Оросоын эрх баригчид ЗХУ-ын үеийн дарангуйллын бэлгэдлүүдийг дахин сэргээж буй аж.
Саяхан Путин ЗХУ-ын Улсын аюулгүй байдлын хороонд ажиллаж байсан FSB академийг Зөвлөлтийн нууц цагдааг үүсгэн байгуулсан Феликс Дзержинскийн нэрэмжит болгожээ.
1991 онд ЗХУ задрах үеэр ЗХУ-ын Улсын аюулгүй байдлын хорооны төв байрны өмнө байсан Дзержинскийн хөшөөг буулгасан нь тухайн үеийн түүхэн өөрчлөлтийн бэлгэдэл болсон аж. Гэвч одоо Оросын эрх баригчид тэрхүү харанхуй, тоталитар өнгөрсөн рүү эргэн очих хандлагатай байна.

Энэ сарын эхээр Reuters агентлагийн мэдээлснээр, Польш, Эстони, Литва, Латви улсын Элчин сайдын яамд Сибирийн Томск хотод Зөвлөлтийн нууц цагдаагийн хохирогчдод зориулсан дурсгалын цогцолборыг буулгасан явдлыг эсэргүүцэж, Оросын Гадаад хэргийн яаманд албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлжээ.
Мөн энэ сард Катины дурсгалын газар (1940 онд ЗХУ Польшийн цэргийн олзлогдогсдыг олноор нь хөнөөсөн газар)-т зориулсан үзэсгэлэнг доромжилсон гэж шүүмжлэл дагуулсан үйл явдал болсон байна.
Харин Оросын засгийн газар ЗХУ-ын сүнсийг дахин амилуулж буй энэ үйлдлүүдийн хажуугаар иргэдийн өдөр тутмын амьдралд учирч буй хүндрэлийг Ерөнхийлөгч Путин илт үл тоомсорлосон байр суурь илэрхийлжээ.
Путин энэ сарын эхээр Москва болон бусад томоохон хотуудад гарч буй интернэт тасалдлын талаар анх удаа тайлбар хийсэн байна.
Тэр “Иргэд томоохон хотуудад заримдаа интернетийн доголдолтой тулгарч байгааг дурдахгүй байж болохгүй. Ховор ч гэсэн ийм зүйл тохиолддог” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Эдгээр саатал нь террорист халдлагаас урьдчилан сэргийлэх ажиллагаатай холбоотой” гэж тайлбарласан ч олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагын талаар эргэлзээтэй байр суурь илэрхийлсэн байна.
Путин “Олон нийтэд урьдчилан мэдээлэх нь ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Учир нь, гэмт хэрэгтнүүд бүх зүйлийг сонсож, харж байдаг” гэж хэлжээ.
Өөрөөр хэлбэл, дайны үеийн амьдрал гэдэг нь тодорхой хэмжээний хүндрэл, хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг гэсэн үг аж.
Харин Оросын аюулгүй байдлын байгууллагууд иргэний амьдралд тавих хяналтаа улам тэлж, чангатгаж байгаа хандлага буурах шинжгүй хэвээр байна.
Эх сурвалж: CNN













































































