Хуульч Ц.Оюунбаатар, эдийн засагч Х.Батсуурь нар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт ханджээ.
Тэд энэ талаар мэдэгдэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавар учруулж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзэн Тагнуулын ерөнхий газарт албан ёсоор хандсан.
Мөн Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлтэй хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, уг асуудлыг олон нийтэд ил болгосон.
Тухайн үеэр бид үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой ноцтой шинжтэй асуудлуудыг төрийн тусгай албад, цагдаа болон тагнуулын байгууллагууд яаралтай шалгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Гэвч үүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч тодорхой шийдвэр, албан ёсны хариу одоогоор гараагүй байна.
Түүнчлэн 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр “NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь улсын нууцад хамаарахгүй боловч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндөн ярьсан. Мөн парламентийн засаглалд халдах оролдлого гарвал иргэдийг төв талбайд жагсаал цуглаан хийхийг дахин уриална хэмээн мэдэгдсэн.
Үүнээс гадна УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хууль болон сүүлийн 30 жилийн хугацаанд гарсан ёс зүйгүй үйлдэл, авлига, хээл хахуультай холбоотой асуудлуудаар ард иргэдийн тавьж буй шаардлагыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн нь нийгмийг талцуулах, хуваагдал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, ард иргэдийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх, нийгмийг хагалан бутаргах, улмаар тогтворгүй байдал үүсгэх эрсдэл бий болж болзошгүй байна. Монголын төрийн удирдлагууд түүхийн туршид хариуцлагаа өөрсдөө хүлээж ирсэн бөгөөд ард иргэдийн эв нэгдлийг алдагдуулах, хагарал үүсгэх үйлдэл гаргаж байгаагүй билээ” хэмээв.













































































