Дүнжингаравын уулзварт гарсан газ тээвэрлэгч машины дэлбэрэлтийн улмаас шатсан 207 дугаар байрыг 2026 оны тавдугаар сард дахин барьж эхлэн, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-нд болсон уг ослын үеэр газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчмын 13 давхар орон сууц болох 207 дугаар байрыг ихээхэн хэмжээгээр сүйтгэсэн юм.
Ослын улмаас нийт 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй иргэн өвлийн ид хүйтэнд орон гэргүй болж, өдгөө түрээсийн байранд амьдарч буй юм.
Нийслэлээс уг байрыг шинээр барихад 2026 оны төсөвт 8.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд нийт төслийн өртөг 16.5 тэрбум төгрөгөөр тооцогджээ.
Өмнө нь албаныхан нураалт болон шинэ барилгын нийт зардлыг 14.6 тэрбум төгрөг гэж мэдээлж байсан ч сүүлд нэмэгдэж, ойролцоогоор 4 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Тооцооллоор 207 дугаар байрыг бүрэн буулгаж, дахин барихад нийт 1 жил 8 сарын хугацаа шаардагдана гэж үзжээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга В.Ганзориг “Төслийн төсвийг 2026 оны улсын төсөвт тусгаж, нээлттэй тендер зарласан. ‘Дабль Пирамид’ болон ‘Гэрэгэ Технологи’ компаниудын түншлэл шалгарч, гэрээ байгуулсан.
Одоогийн байдлаар ажлын зураг төсөл боловсруулалт дуусч, Барилгын хөгжлийн төвд магадлал хийлгүүлэхээр хүргүүлсэн. Магадлалын дүгнэлт гарсны дараа барилгын ажил эхэлнэ” гэжээ.
Мөн тэрбээр “Өмнө нь тус байрыг нураах ажлыг хийсэн бөгөөд 2026 онд зоорийн давхар болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлыг бүрэн дуусгасан” гэж онцолсон байна.
Анхны зураг төслийг шинэ нөхцөл байдалтай уялдуулан тодотгох шаардлага гарч, инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлийг шинээр боловсруулж байгаа аж.












































































