NASA-ийн Artemis II хөтөлбөрийн сансрын нисгэгчид дэлхийд амжилттай буцаж ирж, 50 гаруй жилийн дараа хүмүүсийг Сарыг тойруулан нисгээд эргэн авчирсан түүхэн даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ.
Нисгэгчид баасан гарагт Номхон далайд шүхрийн тусламжтай амжилттай бууж, дэлхийн агаар мандалд өндөр хурдтай нэвтэрсний дараа “усан буулт” хийсэн байна. Аврах багууд Калифорнийн эргийн ойролцоо тэднийг хүлээн авч, орон нутгийн цагаар 17:07 (GMT 00:07)-д газардсаны дараа татан авчээ.

Дөрвөн сансрын нисгэгч эмнэлгийн үзлэгт орж, дараа нь Хьюстон дахь NASA-ийн Жонсон сансрын төв рүү буцах аж.
Нислэгийн баг
Тус багт:
- Рейд Вайзман
- Виктор Гловер
- Кристина Кох
- Жереми Хансен
нар багтсан бөгөөд тэд Флорида дахь Кеннеди сансрын төвөөс 10 хоногийн өмнө хөөрсөн билээ.
Тэд хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй зайд хүрч, Сарны алс тал руу тойрон нисэж, гүн сансарт төхөөрөмжүүдийг туршсаны дараа дэлхий рүүгээ буцсан байна.
Энэхүү нислэг нь 1972 оны Apollo 17-оос хойших Сар руу хийсэн анхны хүнтэй нислэг болсон бөгөөд техникийн олон чухал амжилтыг багатгажээ.
Дараагийн алхмуудад чухал туршилт
Artemis II нь ирээдүйн Сарны хөтөлбөрүүд, ялангуяа сансрын нисгэгчдийг Сар дээр буулгах зорилготой Artemis IV нислэгийн хувьд маш чухал туршилт гэж үзэж байна.
Инженерүүд одоо
- Orion капсулын дулааны хамгаалалтын бүрхүүл
- навигацийн системүүд
- амьдрал дэмжих технологи зэрэг гол үзүүлэлтүүдийг нарийвчлан шинжлэх юм.

Хамгийн хүнд үе
Буцах явцад хамгийн хэцүү хэсгүүдийн нэг нь:
- Агаар мандалд нэвтрэх үед үүсдэг их халалтаас шалтгаалан
- богино хугацаанд харилцаа холбоо тасрах үзэгдэл байв.
- Түүхэн амжилтууд
Энэ нислэг хэд хэдэн шинэ түүхэн амжилт тогтоожээ. Үүнд:
- Виктор Гловер — Сарыг тойрсон анхны өнгөт арьст хүн
- Кристина Кох — анхны эмэгтэй
- Жереми Хансен — анхны америк бус нисгэгч
Мөн нисгэгчид:
- Сарны гадаргын онцлогийг дэлгэрэнгүй ажигласан
- Нар хиртэлтийг харсан
- солирын мөргөлдөх үзэгдлийг ажигласан байна.
Нислэгийн утга учир
Даалгаврын командлагч Рейд Вайзман хэлэхдээ “Бидний хамгийн их хүссэн зүйл бол дэлхий даяараа түрхэн зуур зогсоод, энэ бол орчлон ертөнцөд онцгой байрлалтай, гайхамшигтай гараг гэдгийг санах явдал байсан. Бидэнд өгөгдсөн энэ дэлхийг бид бүгд эрхэмлэн хайрлах ёстой” гэжээ.
Сонирхолтой баримт
Нислэгийн турш NASA өглөө бүр сансрын нисгэгчдийг сэрээхдээ дуу илгээдэг уламжлалтай. Харин буцах өдөр нь тэднийг
- Run to the Water (Live хамтлаг)
- Free (Zac Brown Band) дуунуудаар сэрээжээ.
Эх сурвалж: AL JAZEERA













































































