“БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 26-ны ням гарагт Пёньян хотод Оросын Украинд явуулж буй дайнд амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдэд зориулсан дурсгалын цогцолборыг ёслол төгөлдөр нээлээ” гэж dpa агентлаг мэдээлжээ.
Нээлтийн ёслолд ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володин болон Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов нар оролцсон байна.
Хөшөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Ким Пёньян ба Москвагийн харилцааг улам бэхжүүлэх шаардлагатайг онцолж, Хойд Солонгос болон Оросын түншлэлийг “хүчирхэг бэхлэлт” болгон хөгжүүлэхийг уриалсан гэж БНАСАУ-ын төрийн мэдээллийн төв (KCNA) агентлаг дамжуулжээ.
Оросын Украинд явуулж буй дайн тав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд Хойд Солонгос ОХУ-д цэргийн дэмжлэг үзүүлж буй бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын алба (NIS)-ны тооцоолсноор, уг дайнд Оросын талд байлдуулахаар БНАСАУ 15 мянга гаруй цэргийн алба хаагч илгээжээ. Тэднээс ойролцоогоор 6000 нь амь үрэгдэж, 4000 орчим нь шархадсан байна.
Курскийн бүсэд Украины зэвсэгт хүчний эсрэг байлдаанд Хойд Солонгосын цэргүүд оролцсон тухай дурдагдсан. Ким Жон Уны дөрөвдүгээр сарын 26-нд Пёньянд нээсэн уг дурсгалын цогцолборыг “Гадаад дахь цэргийн ажиллагаа болон тэмцлийн ололт амжилтын дурсгалын музей” хэмээн нэрлэжээ.
Мөн энэ ёслолыг 2024 оны наймдугаар сард хамгаалалтын дайны явцад Украины зэвсэгт хүчин хэсэгчлэн эзэлж байсан ОХУ-ын Курскийн бүсээс бүрэн гарсны ойтой давхцуулан зохион байгуулсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов 2026 оны дөрөвдүгээр сарын 26-нд Пёньян хотод “Курскийн бүсийг чөлөөлөх үүргийг гүйцэтгэхдээ эр зориг, баатарлаг чанар гаргасан” Солонгосын Ардын армийн (КНА) цэргүүдэд Эр зоригийн одон гардуулжээ.
Белоусов шагнуулсан цэргүүдийг “Манай цаг үеийн жинхэнэ баатрууд” хэмээн нэрлэснийг “Интерфакс” агентлаг уламжилсан байна.
Эх сурвалж: DW













































































