Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулав.
Сайд Б.Батцэцэг тус яам 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцсон талаар онцлон дурдсан.
Тэрбээр 2025 оны турш хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэхдээ Турк, Итали улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекистан, Киргиз зэрэг улстай иж бүрэн түншлэлийн харилцааг төрийн дээд түвшний айлчлалуудын үеэр албажуулан баталгаажуулж, олон нийтэд зарласан хэлэв.
Мөн Барбадос, Эсватинийн Хаант Улс, Тринидад ба Тобаго, Ботсвана зэрэг улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлуулснаар Монгол Улс НҮБ-ын 192 гишүүн болон ажиглагч статустай улсуудын ихэнхтэй дипломат харилцаа тогтоосон, бүх гишүүн улстай найрсаг харилцаа бүхий цөөн орны нэг болсныг онцолсон.
Тайлант хугацаанд Ерөнхийлөгчийн түвшний 17, УИХ-ын даргын түвшний 5, Ерөнхий сайдын түвшний 3, Гадаад харилцааны сайдын түвшний 18 айлчлал, арга хэмжээг зохион байгуулж, Засгийн газар хоорондын комиссын 9 хуралдаан, яам хоорондын 19 зөвлөлдөх уулзалт хийж, нийт 26 Засгийн газар хоорондын баримт бичиг байгуулах ажлыг хэрэгжүүлжээ.
Мөн 157 байгууллага хоорондын гэрээний төслийг хянаж, зөвшөөрөл олгосноор гадаад харилцааны идэвхжил, цар хүрээ өмнөх оноос өргөжин нэмэгдсэнийг байна.
Сайд БНХАУ болон ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд өндөр дээд түвшний яриа хэлэлцээг тогтмол хадгалж, хамтын ажиллагааг бүх салбарт урагшлуулан тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
АНУ болон Ойрхи Дорнод, Номхон далайн бүсийн орнуудтай харилцааг өргөжүүлэх хүрээнд АНУ-тай стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагааг гүнзгийрүүлсний үр дүнд Улаанбаатар хотын хаягдал ус цэвэрлэх үйлдвэр ашиглалтад орж усны хэмнэлтэд бодит хувь нэмэр оруулжээ.
Мөн МУИС-д англи хэлний багш бэлтгэх төв байгуулагдаж, 250 орчим багш хамрагдсан, “United Airlines” компани Токио-Улаанбаатар чиглэлд улирлын нислэг эхлүүлсэн зэрэг бодит үр дүн гарсныг онцолсон юм.
Ойрхи Дорнодын орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Оман, Саудын Араб, Бахрейнд халал махны гэрчилгээ бүртгүүлж, Кувейттэй амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээ тохирч, Катар руу 64 тонн, Кувейт руу 11 тонн мах экспортолж, мөн Кувейтийн “United Meats” компани Монголд 3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Саудын Арабын “ACWA Power” компанитай 10 ГВт-ын сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож, Улаанбаатар-Шинэ Хархорин чиглэлийн замын төслүүдэд булангийн санхүүжилт татах ажил үргэлжилж байгаа аж.
Цаашлаад Австрали, Шинэ Зеланд зэрэг Номхон далайн бүсийн орнуудтай харилцааг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд Австралийн Амбан захирагчийн төрийн айлчлал, тэтгэлгийн квот нэмэгдүүлэлт, агаарын харилцааны хэлэлцээрийн дүгнэлт зэрэг ажлууд хийгджээ.
Шинэ Зеландтай дипломат харилцааны 50 жилийн хүрээнд өндөр түвшний айлчлалууд хийгдэж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжсөн байна.
Ази, Европын орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд Австри Улстай визийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, 2026 оноос албан паспорт эзэмшигчид 90 хоног визгүй зорчих боломж бүрдэхээр болсон талаар онцлон дурдав.
НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож, “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор тунхаглуулсан, мөн Улаанбаатарын аюулгүй байдлын яриа хэлэлцээ, бүс нутгийн форумуудыг зохион байгуулсан зэрэг олон улсын байр суурь бэхжсэн арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.
Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж, 20 гаруй улсын төлөөлөгч, 500 гаруй дотоодын бизнес эрхлэгч оролцсон талаар мэдээлэв.
Консулын үйлчилгээний цахимжилтын хүрээнд апостиль гэрчилгээг e-Mongolia системээр олгож эхэлсэн, гадаад дахь иргэдэд туслах сангаас 236 иргэнд 526.8 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.
Мөн БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг хоёр улсын түвшинд удаа дараа тавьж, визийн нөхцөлийг сайжруулах, цахимжуулах болон хөнгөлөлттэй болгох чиглэлээр яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж.
Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагаа нь олон талт дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэдийн үйлчилгээний шинэчлэл зэрэг чиглэлээр өргөжин тэлж, бодит үр дүн гарсан жил байсныг онцлов.













































































