ХБНГУ-ын канцлер Фридрих Мерцийн хэлснээр, АНУ Ираны эсрэг дайнд, ялангуяа энэ дайн хэрхэн дуусах талаар “илт тодорхой” стратегигүй байгаа аж.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 27-ны даваа гарагт Германы баруун хэсгийн Марсберг хотын гимназийн сурагчидтай уулзах үеэрээ “Одоогийн байдлаар америкчууд ямар стратегийн гарц сонгохыг би ойлгохгүй байна.
Түүнчлэн иранчууд маш чадварлаг хэлэлцээр хийж, эсвэл бүр хэлэлцээр хийхгүйгээр чадварлаг бултаж байна” гэж мэдэгджээ.
Дайныг хэрхэн дуусгах нь гол асуудал
Германы засгийн газрын тэргүүний хэлснээр, аливаа дайны хамгийн том асуудал нь түүнийг хэрхэн дуусгах вэ гэдэгт байдаг аж. Энэ нь өмнөх дайнуудаас, тухайлбал Афганистан болон Иракт болсон зөрчлүүдээс харагддаг байна.
Тиймээс тэр “Ираны эсрэг дайн эхлүүлэх шийдвэр нь бодлогогүй шийдвэр байсан” гэж үзжээ. Мерц уг дайн удахгүй дуусна гэж найдаж буйгаа илэрхийлсэн ч ойрын хугацаанд дуусна гэдэгт итгэхгүй байгаагаа хэлсэн аж.
Тэр “Иранчууд бидний бодож байснаас илүү хүчтэй бололтой, харин америкчуудад хэлэлцээрийн хувьд үнэхээр итгэл төрүүлэхүйц стратеги алга” гэж нэмж өгүүлсэн байна.
Мөн түүний үзэж байгаагаар, дайны явцад Ираны удирдлага, ялангуяа Исламын хувьсгалын харуулын корпус нь Америкийн үндэстнийг “доромжилж” байгаа аж.
Мерц мөн “АНУ болон Израиль Ираны эсрэг дайныг Европын орнуудтай урьдчилан зөвлөлдөхгүйгээр эхлүүлсэн” гэж дахин мэдэгджээ.
Тэрбээр энэ байр сууриа Дональд Трампад аль хэдийнэ хоёр удаа шууд илэрхийлсэн байна. Мерц “Хэрэв энэ дайн тав, зургаан долоо хоног үргэлжилж, улам дордоно гэдгийг би мэдсэн бол үүнийг бүр ч хатуугаар хэлэх байсан” гэж нэмж хэлжээ.
АНУ ба Ираны хэлэлцээ
Иран болон АНУ-ын төлөөлөгчдийн анхны шууд хэлэлцээ дөрөвдүгээр сарын 11-нд Исламабад хотод болж, түр гал зогсоох тохиролцоонд хүрснээс хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдсан.
Гэвч хэлэлцээ тодорхой эерэг үр дүнд хүрээгүй. Үүний маргааш нь Трамп Ормузын хоолойд АНУ-ын тэнгисийн цэргийн хяналт тогтоох бодолтой байгаагаа мэдэгдсэн. Иран үүний дараа АНУ-ыг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгасан билээ.
Тегеран АНУ Ираны боомтуудын бүслэлтийг цуцлахыг хэлэлцээ урагшлах нөхцөл болгон тавьсан. Харин Трамп Исламын Бүгд Найрамдах Улс цөмийн хөтөлбөрөө сэргээх эрх нэхэхээ зогсоох ёстой гэж мэдэгдэж байв.
Түүний үзэж байгаагаар, Тегераны цөмийн зэвсэг хөгжүүлэх оролдлого нь АНУ болон Израиль Ираны эсрэг дайн эхлүүлэх шалтгаан болсон аж.
Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодод анх хоёр долоо хоногийн хугацаатай тогтоосон гал зогсоох түр хугацаа үргэлжилж буй. Энэ хугацаа дуусахын өмнөхөн Трамп гал зогсоох хугацааг “хэлэлцээ ямар нэг байдлаар дуусах хүртэл” сунгасан гэж мэдэгдсэн.
Тэрбээр ийм шийдвэрийг Ираны талын хүсэлтээр гаргасан гэж үзэж байгаа аж. Гэвч Ираны удирдлага цаашдын хэлэлцээнээс татгалзжээ.
Мөн Трамп дөрөвдүгээр сарын 26-нд АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистан руу дахин нисэхгүй гэж мэдэгдсэн.
Үүнээс нэг өдрийн өмнө тэрбээр өмнө нь зарласан байсан төлөөлөгчид болох Стивен Уиткофф болон Жаред Кушнер нарыг Исламабад руу илгээх айлчлалыг цуцалсан билээ.
Уг айлчлалаар дөрөвдүгээр сарын сүүлчээр Ирантай дараагийн шатны хэлэлцээ хийхээр төлөвлөж байжээ.
Эх сурвалж: DW













































































