Кремль Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох тухай мэдэгдэл хийсний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн улс “толь мэт ижил алхам” хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Киев өмнө нь ч баярын үеэр гал зогсоох санал дэвшүүлж байсныг сануулсан байна. Энэ тухайгаа тэр дөрөвдүгээр сарын 9-ний пүрэв гаргийн орой сошиал сүлжээндээ бичжээ.
Зеленский “Украин олон удаа бид толь мэт ижил алхам хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Бид энэ жил Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох санал гаргасан бөгөөд үүний дагуу үйлдэл хийнэ. Хүмүүст аюулгүй, айдасгүй Пасха (баяр) хэрэгтэй, мөн жинхэнэ энх тайванд хүрэх хөдөлгөөн хэрэгтэй. Орос улсад Пасханы дараа ч буудалцааныг сэргээхгүй байх боломж байна” гэж онцолжээ.

Үүнээс өмнө мөн өдөр Кремлийн цахим хуудаст Владимир Путин Украин дахь дайны хүрээнд Улаан өндөгний баярт зориулан гал зогсоох шийдвэр гаргасан тухай мэдэгдэл нийтлэгдсэн байна. Уг гал зогсоох хугацаа нь Москва болон Киевийн цагаар дөрөвдүгээр сарын 11-ний 16:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал хүртэл үргэлжилнэ гэжээ.
Зеленский дөрөвдүгээр сарын эхээр Украин улс “дор хаяж Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох” саналыг Орост олон удаа тавьсан ч зөвшөөрөл авч чадаагүй гэж мэдэгдэж байв. Мөн гуравдугаар сарын 30-нд тэрбээр эрчим хүчний салбарт гал зогсоох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ санаачилгыг “тодорхой санал гэж хараагүй” хэмээн мэдэгдэж байв.
Пасханы үеэр гал зогсоох талаар өмнө нь ч зарлаж байжээ
Владимир Путин 2025 онд Улаан өндөгний баярын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний орой гал зогсоох шийдвэр гаргаж байв. Зеленский энэ санаачилгыг дэмжиж, хугацааг нь сунгах санал тавьжээ. Гэвч дараагийн өдөр нь Киев болон Москвагийн талууд бие биеэ гал зогсоох дэглэм зөрчсөн гэж буруутгасан байна.
Эх сурвалж: DW













































































