АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкчууд дэлхийн нефтийн худалдааны хамгийн чухал замуудын нэг болох Ормузын хоолойг “цэвэрлэх” ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдэгджээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт Truth Social платформдоо нийтэлсэн бичлэгтээ “Энэ ажиллагаа нь олон улсын усан тээврийн аюулгүй байдлыг хангах зорилготой” гэж онцолсон байна.
Тэр “Одоо бид Ормузын хоолойг цэвэрлэх үйл явцыг эхлүүлж байна. Энэ нь дэлхийн олон оронд, тухайлбал Хятад, Япон, Өмнөд Солонгос, Франц, Герман болон бусад орнуудад үзүүлж буй үйлчилгээ юм” гэж бичжээ.
Мөн Трамп бусад улс орнуудын идэвхгүй байгааг шүүмжилж, “Гайхалтай нь, тэдэнд өөрсдөд нь энэ ажлыг хийх зориг ч, хүсэл ч алга” гэж хэлсэн байна.
Тэрбээр мөн нефтийн урсгал өөрчлөгдөж буйг дурдаад, “Олон орны нефть тээвэрлэгч хоосон танкерууд нефть ачихаар АНУ-ыг чиглэж байна” гэжээ.
Түүнчлэн Ираны цэргийн чадавхын талаар хатуу мэдэгдэл хийж, “Тэдний тэнгисийн цэрэг устсан, агаарын цэрэг устсан, агаарын довтолгооноос хамгаалах систем бараг байхгүй болсон, радарууд ажиллагаагүй болсон” гэж хэлсэн.
Мөн “… тэдний пуужин болон дроны үйлдвэрүүд их хэмжээгээр сүйдсэн, өөрсдөө пуужин, дронуудаа устгасан” гэж нэм хэлжээ.
Ормузын хоолойд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлгүүд байгаа юу?
Reuters агентлагийн мэдээлснээр, Трамп Truth Social-доо бичлэг нийтлэхээс хэдхэн минутын өмнө Ормузын хоолойд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлгүүд байгаа тухай мэдээллүүд гарч эхэлжээ.
Axios-ын сэтгүүлч АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснээс иш татан “хэд хэдэн” америк хөлөг онгоц бямба гарагт хоолойг гаталсан гэж мэдээлсэн байна.
Удалгүй Ираны улсын телевиз армийн төлөөлөгчийн мэдэгдлийг дамжуулж, энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.
Хүчний тэнцвэр ба Пакистанд явагдсан хэлэлцээ
Трамп өмнө нь ч АНУ-ын цэрэг Ираны тэнгисийн болон агаарын цэргийг устгасан, мөн баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийг нь ажиллагаагүй болгосон гэж олон удаа мэдэгдэж байв.
Гэсэн ч сүүлийн хэдэн долоо хоногт Иран хөлөг онгоцуудад халдах вий гэсэн болгоомжлолын улмаас Ормузын хоолой бараг хаагдахад хүрч, дэлхийн эрчим хүчний зах зээлд доголдол үүсээд буй юм.
Вашингтон болон Тегераны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 11-нд Пакистаны нийслэлд гал зогсоох эмзэг нөхцөлд мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээг эхлүүлжээ.
Эх сурвалж: DW













































































