Мелания Трамп 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд Цагаан ордонд олон нийтэд хандаж үг хэлэхдээ, талийгаач, ялтан Жеффри Эпштейнтэй холбоотой цуурхлуудад хариу өгсөн байна. Тэрбээр Эпштейнтэй холбоотой 3 сая гаруй баримт бичиг ил болсноос хойш хоёр сарын дараа ийн мэдээлэл хийжээ.
Тэрбээр “Би Жеффри Эпштейнтэй хэзээ ч найз байгаагүй. Дональд Трамп бид хоёр ижил танилын хүрээлэлтэй байсан тул Нью-Йорк болон Палм-Бичид зохион байгуулагддаг, түүний оролцсон зарим арга хэмжээ, үдэшлэгт хааяа уригдаж очдог байсан. Эпштейн болон түүний хамсаатан Гислейн Максвелл нартай ямар ч харилцаагүй байсан” гэж онцолсон байна.
Түүний мэдэгдэл олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гэнэтийн байсан бөгөөд зарим нь үүнийг яг яагаад энэ үед хийснийг ойлголгүй гайхсан байна.
Fox News-ийн сэтгүүлч Жакки Хайнрих “Яагаад яг энэ өдөр ийм мэдэгдэл хийснийг ойлгохыг хичээж байна. Ямар нэгэн шинэ мэдээлэл гарахаас өмнө урьдчилж хариу өгч байна уу? Би Ерөнхийлөгч хүртэл бүх эх сурвалж руу залгасан ч хариу авч чадсангүй” гэж хэлсэн байна.
Трампын хариу
MSNBC-ийн хөтлөгч Жаклин Алемани Дональд Трамптай утсаар холбогдоход Трамп “Эхнэрийнхээ мэдэгдлийн талаар урьдчилан юу ч мэдээгүй. Тэр Эпштейнийг таньдаггүй байсан” гэж нэмж хэлээд яриагаа дуусгасан байна.

Дотоод маргаан
Гэвч Меланиягийн хуучин штабын дарга, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч асан Стефани Гришэм энэ тайлбарыг няцаажээ. Тэрээр CNN-д ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч энэ талаар юу ч мэдээгүй байсан гэдэгт би итгэхгүй байна” гэж хэлсэн байна.
Мөн Гришэм “Ядаж ийм том мэдэгдэл хийхээс өмнө нөхөртөө хэлсэн байх ёстой” гэж үзэж буйгаад илэрхийлээд, цааш нь Меланиягийн зан чанарыг тайлбарлахдаа “Тэр хийж байгаа зүйл бүрээ маш удаан бодож, стратегитайгаар төлөвлөдөг. Цагаан ордонд ингэж гарч ирвэл том дуулиан дэгдээнэ гэдгийг бүрэн ойлгож байсан” гэж хэлсэн байна.
Энэ үйл явдал:
- Трампын гэр бүлийн дотор мэдээллийн зөрүү байгаа эсэхэд эргэлзээ үүсгэж
- Мелания Трампын мэдэгдэл санаатай, стратегийн алхам байсан байж болзошгүйг харуулж байгаа аж.
- Мөн Эпштейний хэрэг дахин улс төр, нийгмийн анхаарлын төвд орж ирснийг илтгэжээ.
Эх сурвалж: UNILAD












































































