Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Иран ба АНУ-ын хооронд Исламабад хотод байгуулах гэж байсан харилцан ойлголцлын санамж бичиг (меморандум)-т Америкийн талын үйлдлээс шалтгаалан гарын үсэг зурсангүй” гэж мэдэгдэв.
Тэрбээр X (хуучнаар Twitter) сүлжээнд “Исламабадын меморандумд гарын үсэг зурахад тун ойртсон үед Америкийн талын хэт туйлширсан шаардлага, нөхцлөө байнга өөрчилдөг байдал, хатуу байр суурьтай тулгарсан” хэмээн бичжээ.
Мөн сайдын үнэлснээр, Иран улс АНУ-тай шударга, чин сэтгэлээсээ хэлэлцээ хийсэн бөгөөд Исламабад руу “сүүлийн 47 жилийн хугацаанд байгаагүй өндөр түвшний төлөөлөгчид”-ийг илгээсэн байна.
АНУ Ираны эсрэг далайн бүслэлт эхлүүлэхээр төлөвлөж байна
АНУ-ын зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Ираны эсрэг далайн бүслэлт хийхээр төлөвлөж буй бөгөөд тус улсын боомтууд руу чиглэж буй болон тэндээс хөдөлж буй бүх хөлөг онгоцны хөдөлгөөнийг хязгаарлах аж. Энэ тухай АНУ-ын Төв командлал (CENTCOM) мэдэгдэлдээ дурджээ.
Тус мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу CENTCOM-ийн хүчнүүд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын зүүн эргийн цагаар 10:00 цагаас (Москвагийн цагаар 17:00) эхлэн Ираны боомтууд руу орж буй болон тэндээс гарч буй бүх далайн тээврийн хөдөлгөөнд бүслэлт тогтооно.
Энэхүү бүслэлт нь Ираны боомт болон эргийн бүс рүү чиглэсэн, эсвэл тэндээс хөдөлж буй бүх улсын бүх хөлөг онгоцонд ялгаваргүйгээр үйлчилнэ” хэмээн дурдсан байна.
Эх сурвалж: TASS













































































