Монголын улс төр дахин нэг аюултай зааг дээр ирээд байна. Энэ удаагийн маргаан зүгээр нэг хуулийн төслийн хүрээнд хязгаарлагдахгүй, харин парламентын засаглалын мөн чанар, ардчиллын дархлаа, эрх мэдлийн хуваарилалтын ирээдүйг хөндөж буйгаараа онцлог юм.
Энэ бүхний төвд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл бий.
Парламентын засаглалын “холимог” бодит байдал
Парламентын засаглалтай орнуудад Ерөнхийлөгч нь ихэвчлэн бэлгэдлийн, хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг. Гэвч Монгол Улсад энэ зарчим бүрэн төлөвшөөгүй. Ерөнхийлөгч хуульд хориг тавих, шүүгч томилох, зэвсэгт хүчнийг командлах зэрэг өргөн бүрэн эрх эдэлдэг.
Иймээс Монголын улс төрийн тогтолцоог зарим судлаачид “холимог шинжтэй парламентын засаглал” гэж тодорхойлдог. Энэ давхар эрх мэдэл нь олон жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, институц хоорондын үл ойлголцлыг бий болгож ирсэн.
Эгүүлэн татах механизм: Хариуцлага уу, дарамт уу?
Хуулийн төслийн гол агуулга нь УИХ-ын гишүүнийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах, жагсаалтын гишүүдийг намын шийдвэрээр буцаах боломж олгох гэж заасанд буй.
Анх харахад, энэ нь хариуцлагыг сайжруулах алхам мэт. Гэвч асуудал нь “ёс зүй” гэх ойлголтын тодорхой бус байдалд оршиж байна.
Хуульчид, шинжээчид өмнө нь анхааруулж байсанчлан “Ёс зүй тодорхой шалгуургүй үед улс төрийн зэвсэг болж хувирдаг.” Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэнд таалагдахгүй байр суурь илэрхийлэх, намын бодлогыг шүүмжлэх, эсвэл олонхийн эсрэг санал өгөх нь өөрөө “ёс зүйн зөрчил” гэж тайлбарлагдах эрсдэлтэй.
Айдастай парламент
Хэрэв гишүүдийг амархан эгүүлэн татах боломж бүрдвэл парламентын мөн чанар өөрчлөгдөнө. Гишүүд бие даасан байдлаа алдана. Шийдвэр гаргалт бодлогоос биш, болгоомжлол дээр суурилна. Шүүмжлэл, мэтгэлцээн хумигдана.
Улс төр судлаачид “Ардчилал бол айдасгүйгээр санал хэлэх орчин” гэж тодорхойлдог. Харин энэ хууль батлагдвал айдас өөрөө тогтолцооны нэг хэсэг болж хувирах эрсдэлтэй.
Намын жагсаалт: Төлөөлөл үү, хараат байдал уу?
Ялангуяа энэ хуулийн төслийн жагсаалтын гишүүдийг намын шийдвэрээр эгүүлэн татах заалт нь илүү ноцтой. Энэ нь гишүүдийг намын хатуу хяналтад оруулна. Бие даасан байр суурь илэрхийлэх боломжийг хаана. Парламентын хэлэлцүүлгийг формаль шинжтэй болгоно гэж улс төр судлаачид үзэж байна.
Өмнө нь Цэндийн Нямдорж “Парламент сулрах тусам бусад институт хүчирхэгждэг” гэж анхааруулж байв. Энэ анхааруулга өнөөдөр илүү бодитой сонсогдож байна.
Эрх мэдлийн жин хэний тал руу хэлбийх вэ?
Энэ хуулийн төслийн үр дагаврыг бодитоор харвал иргэдийн сонгосон төлөөлөл сулрах, парламентын бие даасан байдал багасах, намын дотоод сахилга ардчиллын үнээр эрсдэлтэй аж.
Харин эсрэгээр гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн институц илүү нөлөөтэй болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, төвлөрөх эрсдэл нэмэгдэнэ.
Үг ба үйлдлийн зөрчил
Ухнаагийн Хүрэлсүх “Би нэг хүний засаглалыг дэмжихгүй, парламентын тогтолцоог дэмждэг” гэж удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч улс төрд үгнээс илүү үйлдэл чухал. Хэрэв парламент айдастай, гишүүд хараат, шийдвэрт нэг төвөөс нөлөөлдөг бол систем өөрөө парламентын биш, өөр хэлбэр лүү шилжиж эхэлдэг.
Сонголтын өмнө ирсэн парламент
Өнөөдөр УИХ-д дараах бодит сонголт байна. Үүнд: хууль батлах, засварлах, эсвэл бүр буцаах. Гэвч заримдаа хамгийн зөв шийдвэр нь урагшлах биш, зогсох байдаг.
Энэ тохиолдолд хуулийг хэлэлцэхгүй буцаах, илүү өргөн хүрээний судалгаа, хэлэлцүүлэг хийх нь ардчиллын дархлааг хамгаалах алхам байж болох юм.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл нь сахилга хариуцлагын асуудал мэт харагдавч үнэндээ эрх мэдлийн тэнцвэр, ардчиллын чанарт хамаарах том асуудал болов.
Ардчилал гэдэг зөвхөн сонгууль биш. Ардчилал бол өөр байр суурь илэрхийлэх эрх, шүүмжлэх боломж, айдасгүй орчин. Хэрэв энэ орчин алдагдвал хамгийн сайн санаатай хууль ч ардчиллын эсрэг үр дүн авчирч чадах билээ.
Монгол Улс өнөөдөр нэг чухал асуултын өмнө иржээ. Бид айдастай парламенттай байх уу? Эсвэл бие даасан, хүчтэй парламенттай үлдэх үү? Энэ бол зөвхөн улс төрчдийн биш, нийт иргэдийн ирээдүйн сонголт юм.













































































