АНУ болон Израиль Ираны эсрэг эхлүүлсэн дайн үргэлжилж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны нефтийг “өөрийн хяналтад авахыг илүүд үзнэ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ алхмыг Венесуэл дэх АНУ-ын үйл ажиллагаатай зүйрлэн тайлбарласан байна.
Трамп Financial Times сонинд гуравдугаар сарын 29-нд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн бөгөөд уг ярилцлага гуравдугаар сарын 30-нд нийтлэгджээ.
Тус хэвлэл “Шударгаар хэлэхэд, би хамгийн их хүсэж байгаа зүйл бол Ираны нефтийг авах. Гэхдээ АНУ-д зарим тэнэг хүмүүс ‘Яагаад ингэж байгаа юм бэ?’ гэж асуудаг. Тэд бол тэнэг хүмүүс” хэмээн Трампын хэлснийг иш татжээ.

Нийтлэлд дурдсанаар, ийм алхам нь Ираны нефтийн ихэнхийг экспортолдог Харк арлыг эзлэхтэй холбоотой байж болзошгүй аж.
Иран дахь дайн ба нефтийн үнийн өсөлт
Financial Times сонин онцлохдоо, Ойрхи Дорнодын хямрал болон Ирантай холбоотой дайны улмаас дэлхийн нефтийн үнэ нэг сарын дотор 50 хувиар өссөн гэжээ.
Гуравдугаар сарын 30-ны өглөө Азийн зах зээл дээр Brent төрлийн нефтийн үнэ баррель нь 116 ам.доллар давж, мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд дөхсөн байна.
АНУ цэргээ илгээж магадгүй
Мэдээнд дурдсанаар, Пентагон бүс нутаг руу 10000 орчим цэрэг илгээхийг зөвшөөрсөн бөгөөд тэд Харк арлыг эзэлж, хамгаалах чадвартай аж.
Гуравдугаар сарын 27-нд 3500 орчим цэрэг (үүнээс ~2200 нь тэнгисийн явган цэрэг) хэдийнэ очсон бол дахин 2200 тэнгисийн явган цэрэг замдаа явж буй юм байна. Мөн 82-р агаарын десантын дивизийн мянга мянган цэрэг шилжих тушаал авчээ.
Гэхдээ ийм ажиллагааны улмаас хүний гарз ихсэх, зардал нэмэгдэх, дайн урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй гэж онцолсон байна.
Трамп энэ талаар “Бид Харк арлыг эзэлж ч магадгүй, эзлэхгүй ч байж магадгүй. Боломж олон бий. Хэрэв эзэлвэл бид тодорхой хугацаанд тэнд үлдэнэ” гэж хэлжээ.
Мөн Ираны хамгаалалтын талаар “Тэдэнд бараг хамгаалалт байхгүй гэж бодож байна. Бид маш амархан эзэлж чадна” гэж мэдэгдсэн байна.
Ирантай хэлэлцээ үргэлжилж байна
Ираны нефтийг хяналтдаа авах тухай мэдэгдсэн ч Трамп Пакистаны зуучлалаар Тегерантай хийж буй шууд бус хэлэлцээ “Сайн явж байна” гэж онцолжээ.
Тэрбээр өмнө нь Иранд дөрөвдүгээр сарын 6 хүртэл хугацаа өгч, АНУ-ын санал болгосон хэлэлцээрийг хүлээн авахыг шаардсан. Хэрэв зөвшөөрөхгүй бол АНУ Ираны эрчим хүчний салбарын объектуудад цохилт өгнө гэж анхааруулсан байна.
Ормузын хоолойн нөхцөл байдал
Дэлхийн нефтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор тээвэрлэлт хэвийн болох эсэх талаар асуухад Трамп тодорхой хариулт өгөөгүй байна. Тэрбээр “Бид 13000 байг онилж устгасан, одоо 3000 орчим бай үлдсэн. Хэлэлцээр маш хурдан хийгдэж магадгүй” гэжээ.
Мөн Трампын хэлснээр, Ираны зөвшөөрлөөр 20 танкер хэдийнэ явж эхэлсэн бөгөөд парламентын дарга Мохаммад Багер Галибаф нэмэлт хөлгүүдийг нэвтрүүлэх зөвшөөрөл өгсөн гэж мэдэгдсэн байна. Гэвч энэ мэдээллийг бие даасан эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байжээ.
Ираны удирдлагын талаархи мэдэгдэл
Трамп мөн Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеийн биеийн байдал хүнд байгаа талаар мэдэгдсэн байна. Америкийн удирдагч “Тэр нас барсан, эсвэл маш хүнд байдалд байгаа. Бид түүнээс ямар ч мэдээлэл аваагүй” гэж хэлжээ.
Харин Ираны эрх баригчид түүнийг амьд бөгөөд аюулгүй газар байгаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW












































































