Номын соёл, унших дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголын хамгийн том соёлын арга хэмжээний нэг болох 39 дэх удаагийн “Номын баяр” 2026 оны тавдугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн номын баярт дотоодын томоохон хэвлэлийн газрууд, зохиолчид, орчуулагчид, уран бүтээлчид, номын худалдааны байгууллагууд өргөнөөр оролцож, уншигчдад зориулсан олон төрлийн сонирхолтой арга хэмжээг толилуулах юм.
Баярын өдрүүдэд шинэ бүтээл, үнэт ховор номын үзэсгэлэн худалдаа, зохиолч-уншигчдын уулзалт, гарын үсэгтэй худалдаа, уран зохиолын уншлага, хүүхдийн танин мэдэхүйн хөтөлбөрүүд, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг бүх насныханд зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Мөн хүүхэд, залуусын унших соёлыг дэмжих тусгай булангууд ажиллаж, үндэсний бичиг, монгол хэл, утга зохиолын өв соёлыг сурталчлах хөтөлбөрүүдийг хүргэхээр төлөвлөжээ. Уншигчид өөрийн дуртай зохиолчтойгоо уулзаж, шинэ номтой танилцахаас гадна хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм.
“Номын баяр” нь зөвхөн ном худалдаалах арга хэмжээ бус, мэдлэг боловсрол, оюуны үнэт зүйл, унших соёлыг түгээн дэлгэрүүлдэг олон нийтийн соён гэгээрлийн томоохон үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Зохион байгуулагчид иргэдийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, номын ертөнцөөр аялж, оюуны хөрөнгө оруулалт хийхийг урьж байна.