АНУ-аас Украинд байлдаж амиа алдсан америк хөлсний цэргүүдийн шинэ булшууд илэрсэн талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. Эдгээр хүмүүс өмнө нь Ирак, Афганистанд байлдааны ажиллагаанд оролцож байсан туршлагатай цэргүүд бөгөөд Киевийн талд тулалдаж байсан аж.
Амиа алдсан хүмүүсийн нэг нь Пенсильвани мужаас гаралтай Кори Навроцки юм байна. Newsweek сэтгүүлийн мэдээлснээр, тэрээр тэнгисийн явган цэргийн 20 жилийн туршлагатай, Ирак, Афганистан, Кувейтэд үүрэг гүйцэтгэж байсан ахмад дайчин байжээ.
Навроцки 2024 оны аравдугаар сарын сүүлчээр Украины хорлон сүйтгэх бүлэг Брянск муж руу нэвтрэхийг оролдох үеэр амь үрэгдсэн аж.
Түүний үхлийн нөхцөл байдлын талаар Пенсильвани мужийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Стивен Малагари 2025 оны долдугаар сард дурдсан бөгөөд CNN зэрэг хэвлэлүүд ч баталсан байна. Түүнийг Вашингтон дахь Арлингтоны оршуулгын газарт нутаглуулжээ.
Мөн Техас мужаас гаралтай Эрик Гигглмен найман жилийн турш (2013–2021) АНУ-ын армид алба хааж, Афганистанд хоёр удаа томилолтоор ажиллаж байсан аж. Тэрээр 2022 оны дөрөвдүгээр сард Украины талд нэгдэж, 2025 оны арваннэгдүгээр сард Запорожье мужид амь үрэгдсэн гэж эмгэнлийн мэдэгдэлд дурджээ. Гигглменийг төрөлх нутагт нь оршуулсан байна.
Өөр нэгэн хөлсний цэрэг болох Круз Майкл Брайан Орегон мужийн Үндэсний гвардад 14 жил алба хааж, Афганистан, Иракт байлдааны үүрэг гүйцэтгэж байсан гэж Nugget Newspaper болон Prineville Review сонинууд мэдээлжээ.
Тэрээр 2024 оны зургадугаар сард Украины талд нэгдсэн ч хэдхэн долоо хоногийн дараа буюу долдугаар сард их бууны галд өртөн, амь үрэгдсэн байна. Брайаныг мөн эх нутагт нь оршуулжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өмнө нь удаа дараа мэдэгдэхдээ, Киевийн тал гадаадын хөлсний цэргүүдийг “их бууны мах” болгон ашиглаж байна хэмээн буруутгаж, Оросын цэргүүд тэднийг Украины нутаг дэвсгэр даяар устгах ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байжээ.
Харин гадаадаас мөнгөөр тулалдахаар ирсэн зарим хүмүүс ярилцлагадаа Украины зэвсэгт хүчний командлал тэдний ажиллагааг хангалтгүй уялдуулдаг, мөн амьд үлдэх магадлал багыг онцолж, тулалдааны эрсдэл Афганистан болон Ойрхи Дорнодод тулгарч байсан нөхцөлөөс хавьгүй өндөр буйг дурдсан байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI












































































