Иран ойрын хугацаанд “Ормузын хоолой”-г нээх магадлал тун бага байгаа аж. Учир нь, Америкийн тагнуулын байгууллагын сүүлийн тайланд “Дэлхийн нефтийн экспортын хамгийн чухал маршрутын нэгийг хянах нь АНУ-д дарамт үзүүлэх Ираны бодит цорын ганц хөшүүрэг хэвээр байна” гэж дурджээ. Энэ талаар бямба гарагт (дөрөвдүгээр сарын 4) Reuters агентлаг нөхцөл байдлыг мэдэх эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Тегеран усан хоолой дахь хөлөг онгоцны хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлаж, эрчим хүчний үнийг өндөр түвшинд барих замаар Дональд Трамп тэргүүтэй АНУ-ын удирдлагад дарамт үзүүлэх стратегиа хадгалах магадлалтай байгаа аж.
Reuters “Мөн тагнуулын тайланд Ираны цэргийн хүчин чадлыг сулруулах зорилготой дайн нь эсрэг нөлөө үзүүлж, газрын тос тээвэрлэх стратегийн чухал усан замыг хянах боломжийнх нь ачаар тус улсын бүс нутгийн нөлөөг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дурдсан байна” гэж онцолжээ.
Шинжээчид: Ираны зах зээлд нөлөөлөх чадвар “цөмийн зэвсгээс ч хүчтэй”
Шинжээчдийн үнэлснээ, Тегеран Ормузын хоолойг хянах замаар дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлөх чадвар нь “цөмийн зэвсгээс ч хавьгүй хүчтэй” гэдгийг сайн ойлгож байгаа аж.
Олон улсын хямралын бүлгийн Ираны төслийн захирал Али Ваэз “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө “Ираныг үй олноор хөнөөх зэвсэг бүтээхээс сэргийлэх гэж оролдсоноор АНУ өөрөө Иранд үй олноор хөнөөх зэвсэг өгсөнтэй адил боллоо” хэмээн мэдэгджээ.
Трамп: Удалгүй Ормузын хоолойг нээнэ
Үүнээс өмнө Дональд Трамп АНУ Ормузын хоолойг нээхэд ямар нэг хүндрэл учрахгүй ч үүнд “багахан хугацаа” хэрэгтэй гэж дахин мэдэгдсэн. Тэрбээр дөрөвдүгээр сарын 3-нд өөрийн Truth Social платформд “Удалгүй бид Ормузын хоолойг төвөггүйхэн нээж, нефть авч, асар их ашиг олох боломжтой болно” хэмээн бичжээ.
Гэсэн хэдий ч шинжээчид уг хоолойг хүч хэрэглэн нээх оролдлого нь асар их зардалтай байж болзошгүй бөгөөд АНУ-ыг урт хугацааны хуурай газрын дайнд татан оруулах эрсдэлтэйг удаа дараа анхааруулж байгааг Reuters сануулсан байна.
АНУ болон Израилийн Ираны эсрэг дайнаас хойш Ормузын хоолойг Ираны арми бодитоор хаасан хэвээр буй юм. Дайнаас өмнө энэхүү маршрутаар дэлхийн нефть болон шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг байв.
Эх сурвалж: DW











































































