АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний объектуудад цохилт өгөх шийдвэрээ ирэх дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл хойшлуулсанаа мэдэгдэв. Тэрбээр энэ хугацаанд Тегерантай дахин хэлэлцээ хийх зорилготой байгаа аж.
Трамп гуравдугаар сарын 26-нд өөрийн Truth Social сүлжээнд бичихдээ “Энэ шийдвэрийг Ираны талын хүсэлтээр гаргасан бөгөөд хоёр улсын хооронд “маш сайн” хэлэлцээ үргэлжилж байна” гэж онцолжээ.
Тэр “Сайн санааны илэрхийлэл болгон Иран улс Пакистаны далбаатай, нефтийн 10 танкерийг Ормузын хоолойгоор нэвтрүүлсэн” гэж хэлсэн байна.
Ормузын хоолойн нөхцөл байдал
Ираны эрх баригчид өмнө нь Пакистан, Хятад, Орос, Энэтхэг, Ирак зэрэг “дайсагнаагүй” орнуудын усан онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.
Үүнээс өмнө Трамп “Хэрвээ Иран Ормузын хоолойн хоригийг цуцлахгүй бол эрчим хүчний байгууламжуудад цохилт өгнө гэж анхааруулж байсан. Анхны ультиматумын хугацаа гуравдугаар сарын 28 байсан ч гуравдугаар сарын 23-нд тав хоногоор сунгасан. Одоо дахин сунгаж дөрөвдүгээр сарын 6 болгосон байна. Харин Иран улс АНУ-тай хэлэлцээ хийж байгаа гэх мэдээллийг үгүйсгэжээ.
АНУ-ын санал ба Ираны хариу
The Wall Street Journal-ийн мэдээлснээр, АНУ Иранд 15 заалт бүхий санал хүргүүлсэн бөгөөд үүнд цөмийн хөтөлбөрөөс бүрэн татгалзах, Ормузын хоолойн хяналтаас гарах, Ливаны “Хезболлах”-ыг дэмжихээ зогсоох зэрэг шаардлагууд багтжээ.
Харин Иран хариуд нь Персийн булан дахь АНУ-ын бүх цэргийн баазыг хаах, АНУ болон Израилийн цохилтын хохирлыг нөхөн төлүүлэх, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдээс төлбөр авах шаардлага тавьсан байна.
Израилийн байр суурь
Израилийн Батлан хамгаалах хүчний төлөөлөгч Эфи Дефрин Ираны улс төр, цэргийн удирдлагуудыг онилсон ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн Израилийн батлан хамгаалахын сайд Исраэль Кац “Ираны Хувьсгалт гвардийн тэнгисийн хүчний командлагч
Алиреза Тангсири-г устгасан” гэж мэдээлжээ. Гэхдээ Иран энэ мэдээллийг одоогоор батлаагүй байгаа аж.
Эх сурвалж: DW










































































