Цагаан ордноос явснаас хойш даруй 25 жилийн дараа АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон болон түүний гэргий, экс Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар дахин нэгэн томоохон хууль эрх зүйн сорилттой нүүр тулж байна.
Тэд удахгүй АНУ-ын Конгрессын Бүгд Найрамдах намын гишүүдийн явуулж буй, ял шийтгэгдсэн бэлгийн мөлжлөг үйлдэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын хүрээнд мэдүүлэг өгөхөөр болжээ.
Энэ долоо хоногт өгөх мэдүүлгүүд нь Клинтончуудын хувьд анхаарал татахуйц эргэлт болж байна. Учир нь, тэд сүүлийн хэдэн сарын турш Конгрессын өмнө мэдүүлэг өгөхөөс тууштай зайлсхийж, үүнийг өөрсдийнх нь эсрэг чиглэсэн Бүгд Найрамдахчуудын улс төрийн хуйвалдаан хэмээн буруутгаж байсан юм.
Гэвч Төлөөлөгчдийн танхим тэднийг Конгрессыг үл хүндэтгэсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хоёр намын дэмжлэгтэйгээр хэлэлцэх хугацаа ойртсон тул Клинтончууд мэдүүлэг өгөхийг зөвшөөрчээ.
Мэдүүлэг өгөх үеэр тэднийг өмгөөлөгчид болох Дэвид Кендалл, Шерил Миллс нар дагалдан оролцохоор төлөвлөж байгаа аж. Тэд асуултад хамрагдаж болох сэдвүүд, эрсдэлтэй хэсгүүдийг нягт нямбай судалж, бэлтгэл хийж буй юм байна. Одоогийн байдлаар Клинтоны багаас өөр ямар гишүүд оролцох нь тодорхойгүй байгаа ажээ.
Мэдүүлгийг Нью-Йорк мужийн Чаппакуа хотод, Клинтончуудын амьдардаг газарт авахаар товлосон байна. Хиллари Клинтон пүрэв гарагт, харин Билл Клинтон баасан гарагт мэдүүлэг өгөх нь.
Мэдүүлгийн байршлыг Кендалл болон Төлөөлөгчдийн танхимын Хяналт, шалгалтын хорооны дарга Жеймс Комер нар тохиролцсон байна. Ингэснээр экс Ерөнхийлөгчийг Конгрессын ордонд дуудаж мэдүүлэг авах урьд өмнө байгаагүй, нэр хүндэд халтай жишиг тогтоохоос зайлсхийхийг зорьжээ.
Комер “Клинтон нарыг ямар нэг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүн байхгүй. Бидэнд зүгээр л асуух олон асуулт бий” хэмээн мэдэгдсэн байна.
Мэдүүлэгт бэлтгэхийн тулд Клинтончууд Эпштейний хэрэгтэй холбоотой өнгөрсөн үйл явдлуудыг сэргээн санахын зэрэгцээ өөрсдийгөө хамгаалах, мөн дайсагнасан өнгө аястай асуултад хэрхэн хариулах стратегиа боловсруулахад анхаарч байгаа аж.
Бүгд Найрамдахчууд Клинтон нарыг “нэг багц” гэж авч үзэхийг оролдож байгаа ч тэд тус тусдаа мэдүүлэг өгөх нь хоёр хүний өгч чадах мэдээлэл эрс ялгаатай байж болзошгүйг харуулж буй юм байна.
Билл Клинтон Эпштейний хувийн онгоцоор дор хаяж 16 удаа зорчсон нь баримтаар тогтоогджээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон баримтуудад түүнийг эмэгтэйчүүдтэй хамт жакузид сууж буй зураг, мөн Эпштейний хамсаатан Гислейн Максвеллтэй хамт авахуулсан зураг багтжээ. Харин Хиллари Клинтон Эпштейнтэй хэзээ ч уулзаж байгаагүй хэмээн мэдэгдсэн байдаг аж.
Билл Клинтон Эпштейний хэрэгтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагаас ямар нэгэн гэмт хэрэгт буруутгагдаж байгаагүй. Түүний төлөөлөгчид Эпштейн 2019 онд холбооны ял тулгахаас өмнө харилцаагаа бүрэн тасалсан, ямар нэг гэмт хэргийн талаар мэдээгүй байсан хэмээн удаа дараа мэдэгдсээр иржээ.
Баасан гарагт болох мэдүүлэг олон цаг үргэлжилж магадгүй гэж түүний ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Эпштейний хамсаатан Лесли Векснер таван цаг мэдүүлэг өгснөөс ч урт хугацаа зарцуулагдаж болзошгүй аж.
Мэдүүлгүүдийг дүрс бичлэгээр авч, дууссанаас хэдхэн хоногийн дараа олон нийтэд цацахаар Бүгд Найрамдахчууд төлөвлөж байгаа талаар CNN мэдээлжээ.
Талууд дараах таван үндсэн сэдвийн хүрээнд асуулт асуухаар тохиролцсон байна. Үүнд:
- Эпштейн, Максвелл нарын хэргийг шалгасан холбооны мөрдөн байцаалтын явц дахь алдаа, дутагдал
- Эпштейний 2019 оны үхэл болон түүнтэй холбоотой шалгалтууд
- Бэлгийн мөлжлөгийн сүлжээтэй үр дүнтэй тэмцэх төрийн бодлого
- Эпштейн, Максвелл нар нөлөө бүхий хүмүүстэй ойртохыг оролдсон байж болзошгүй үйлдлүүд
- Сонгогдсон албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудал
Эпштейний хохирогчид болон тэдний өмгөөлөгчид Клинтон нарыг, ялангуяа Билл Клинтоныг мэдүүлэг өгөх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж. Гэхдээ Эпштейний баримтад нэр дурдагдсан, эсвэл Конгресстой хамтран ажиллаж буй нь гэм буруугийн нотолгоо биш болохыг онцолжээ.
Эпштейний олон хохирогчийг төлөөлдөг өмгөөлөгч Женнифер Плоткин CNN-д “Тэр Эпштейнтэй холбоотой байсан. Тэр бол манай улсын Ерөнхийлөгч байсан хүн. Хохирогчид энэ холбоог илүү сайн ойлгохыг хүсэж байна. Хэн ч хуулиас дээгүүр байж болохгүй. Хэрэв хууль ёсны зарлан дуудах хуудас ирсэн бол заавал дагаж мөрдөх ёстой” хэмээн ярьжээ.
Клинтончуудын хэвлэлийн төлөөлөгчид лхагва гарагт тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN













































































