Их Британийн АНУ-д суугаа Элчин сайд асан, 72 настай Питер Манделсоныг төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр сэжиглэн баривчилсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүний баривчилсан нь Эндрю ханхүүг ижил төрлийн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас байцаасан явдлаас хэдхэн хоногийн дараа болжээ.
Манделсоныг төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг нэр бүхий педофил гэмт хэрэгтнээр ял шийтгүүлж байсан Жеффри Эпштейнд дамжуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.

Цагдаагийнхан өнөөдөр түүний гэрт очин нэгжлэг хийсний дараа Манделсоныг ямар ч таних тэмдэггүй автомашинаар авч явж, Лондон хотын цагдаагийн хэлтэст хүргэн байцаалт авсан байна.
Тэрбээр өмнө нь аливаа хууль бус үйлдэл хийснээ няцааж, Эпштейнтэй нөхөрлөж байсандаа харамсаж буйгаа илэрхийлж байжээ.
Түүнийг Эндрю ханхүүг төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 11 цагийн турш саатуулж, түүний орон сууцууд, тэр дундаа хуучин орд харш Royal Lodge-д нэгжлэг хийсний дараахан баривчилжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цагдаагийн байгууллага хураан авсан гар утас, зөөврийн компьютер зэрэг цахим төхөөрөмжүүдийг одоо нарийвчлан шалгах аж.
Metropolitan Police-ийн хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг хийжээ. Тэр “Төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр 72 настай эрэгтэйг баривчилсан.
Түүнийг хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Кэмден дүүрэг дэх хаягаас баривчилж, Лондон хотын цагдаагийн хэлтэст байцаалт авахаар хүргэсэн. Үүнээс өмнө Уилтшир болон Кэмден дүүрэгт байрлах хоёр хаягт нэгжлэг хийсэн.”
Мөн Скотланд Ярд энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа “нэлээд хугацаа шаардана” хэмээн мэдэгдээд байгаа аж.

“Төрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг
Их Британид “төрийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хамгийн төвөгтэй, нотлоход хэцүү хуулийн зүйл заалтуудын нэгд тооцогддог аж.
Crown Prosecution Service-ийн тодорхойлолтоор, уг гэмт хэрэг нь “төрийн албан тушаалтан өөрт олгогдсон эрх мэдэл, хариуцлагыг ноцтойгоор санаатайгаар зөрчих, эсхүл үл хэрэгсэх замаар олон нийтийн итгэлийг алдагдуулах” үйлдэл аж.
Онолын хувьд насан туршийн хорих ял оногдуулах боломжтой ч бодит байдал дээр ийм ял оноох нь тун ховор юм байна.
Түүнчлэн уг гэмт хэрэг нь хуульд тодорхой зааглан тогтоосон (statutory) ангилалд багтдаггүй тул хэрэг бүрийг тусгайлан тодорхойлох шаардлагатай болдог аж.
Иймээс Law Commission хүртэл энэ гэмт хэргийн тодорхойлолтыг илүү ойлгомжтой болгох шаардлагатай хэмээн удаа дараа анхааруулж байжээ.
2014-024 оны хооронд Их Британид энэ төрлийн гэмт хэрэгт ердөө 191 хүн ял шийтгүүлсэн байна.

Улс төрийн томоохон дуулиан
Манделсоныг баривчилсан явдал нь Ерөнхий сайд Кир Стармерын засгийн газарт ноцтой цохилт болсон гэж шинжээчид дүгнэж байна.
Учир нь, Стармер түүнийг өнгөрсөн жил АНУ-д суугаа Элчин сайдаар томилсон бөгөөд одоо парламент дахь Хөдөлмөрийн намын зарим гишүүд Ерөнхий сайдыг огцрохыг шууд шаардсан байна.
Ерөнхий сайд Стармер Манделсон өөрийнх нь өмнө Эпштейнтэй харилцааныхаа “гүнзгий, харанхуй талыг нуусан” хэмээн мэдэгджээ.
Үүний улмаас Ерөнхий сайдын Тамгын газар (No.10) Манделсоныг томилохтой холбоотой арван мянга гаруй и-мэйл, захидал, албан бичгийг олон нийтэд ил болгохоос өөр аргагүйд хүрчээ.
Эдгээр баримтуудаас зарим нь мөрдөн шалгах ажиллагаатай шууд холбоотой тул цагдаагийн байгууллагатай зөвшилцсөний дараа хожим нийтлэгдэх юм байна.
Мөн үндэсний аюулгүй байдал болон гадаад харилцаанд нөлөөлөх эрсдэлтэй материалуудыг хараат бус парламентын хороогоор хянуулж, шаардлагатай хэсгийг нууцлах эсэхийг шийдэх аж.
Энэхүү дуулиан нь Манделсоны Эпштейнтэй холбоотой харилцаа орчин үеийн Британийн улс төрийн хамгийн том шуугиануудын нэг болж болзошгүйг харуулж, засгийн газрыг гүн хямралд оруулаад буй юм байна.

Эх сурвалж: THE SUN













































































